Д.Трампын гаалийн татвараас үүдэлтэйгээр 8-р сард БНХАУ-аас АНУ-д хийсэн экспортын хэмжээ 30 хувиар буурчээ

Доналд Трампын бодлогын үр нөлөө, хариу арга хэмжээнээс үүдэлтэйгээр өнгөрсөн 8-р сард Хятадаас АНУ руу нийлүүлсэн бараа, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс огцом буурчээ. Өнгөрөгч Даваа гарагт Хятадын гаалийн байгууллагаас нийтэлсэн албаны тоо баримтад экспортын хэмжээ 30 гаруй хувиар буурсан гэж бичжээ. 

Өнгөрсөн 7-р сард АНУ-ын хилээр нэвтрэх Хятадын бараа бүтээгдэхүүний хэмжээ ам.доллароор тооцсон дүнгээр 21.6 хувиар буурсан бол өнгөрсөн 8-р сард АНУ-ын хилээр нэвтрэх ачааны үнэ доллароор 33.1 хувиар буурсан байна. Энэ нь хоёр тэргүүлэх эдийн засгууд хоорондын бараа нийлүүлэлт, эргэлтийн хэмжээ буурсаар буйг илтгэж байна. Мөн Хятад улсын  АНУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүний үнийн дүн өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан байна.

Хоёр улс өнгөрсөн 5-р сарын дундуур бие биедээ ногдуулсан нэмэлт татвараа эрс бууруулсан. Гэхдээ суурь татварын хэмжээ Жо Байдены засаг захиргаатай харьцуулахад өндөр байгаа нь 8-р сарын үзүүлэлтэд нөлөөлсөн гэж эдийн засагчид хэлж байна. Хоёр улс ирэх 11-р сараас өмнө дахин тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна. Гэвч хэлэлцээр хэрхэн өрнөхөөс хамаарч АНУ-Хятадын худалдааны маргаан дахин ширүүсэж магадгүй гэсэн болгоомжлол байсаар байна. Хятадын нийт худалдааны хувьд 8-р сард экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар өссөн нь Зүүн өмнөд Ази болон Европ руу тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой. Мөн импорт нь 1.3 хувиар өссөн байна.

Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, ажлын байрны баталгаагүй байдал, хэрэглэгчдэд чиглэсэн хөшүүргийн бууралт зэрэг нь дотоодын эрэлтийг хямралд оруулснаар импортын хэмжээ нь өссөн гэж судлаачид тайлбарлалаа. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны бодлого нь Хятадын экспортын баримжаатай эдийн засагт ихээхэн дарамт учруулж, урт хугацааны өсөлтийн загварт ноцтой сорилт болж байна.