Бага ангийн сурагчид буюу 7-10 насны хүүхэд өдөрт авах ёстой шим тэжээлийнхээ 30-35 хувийг сургуулийн үдийн хоолноос авах заалттай байдаг. Гэсэн ч бодит нөхцөлд ердөө 15-20 орчим хувийг л авдаг байна. Төрөөс нэг сурагчид 3300 төгрөгөөр тооцож үдийн хоолны мөнгийг төсөвлөдөг боловч энэ нь үнийн өсөлт, инфляцын түвшин зэргээс шалтгаалж хангалттай шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэхэд хүрэлцдэггүй байна. Судалгаагаар бага ангийн сурагчдын 40 орчим хувь нь өдрийн хоолоо бүрэн иддэггүй үлдсэн хэсэг нь амт муутай чанаргүй гэж дүгнэжээ.
Манай улсад 2006 оноос үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхлэн зөвхөн бага ангийн сурагчдыг хамруулах болсон. Таван жил тутамд хийгддэг хүн ам, хоол шим тэжээлийн судалгаагаар сургуулийн насны хүүхэд амин дэмийн дутагдалтай байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс үүдэн 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль баталснаар үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол хөтөлбөр болгон нэг хүүхдэд 1500 төгрөгийн төсөв батлан 2021 оны 9-р сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл одоогийн байдлаар энэхүү мөнгөн дүн нь нэг сурагчийн үдийн хоолны зардалд 3300 төгрөг байхаар тооцон олгож байна. Хэдийгээр хоолны зардлыг нэмэгдүүлсэн ч чанар амтанд өөрчлөлт ороогүй гэдгийг сурагчид болоод эцэг эхчүүдийн зүгээс хэлж байна .
Бага ангийн хүүхэд өдөрт хоол тэжээлээс авах ёстой шим тэжээлийнхээ 30-35 хувийг сургуулийн үдийн хоолноос авах заалттай байна. Гэвч одоогийн байдлаар ердөө тал орчим хувийг нь шим тэжээлийг л үдийн хоолноосоо авдаг. Мөн ахлах, дунд ангийн сурагчид сургууль дээрээ үдийн хоол идэхгүй удаан хугацаанд явснаар олон төрлийн өвчлөлд өртөх эрсдэлтэй байна.
Сурагчийн үдийн хоолны хүнс тээвэрлэх явцад хадгалалтын горим алдагдах, температурын зөрүүтэй тээвэрлэснээс зарим бүтээгдэхүүн муудсан, амт чанар нь буурсан тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хяналтыг сайжруулж, стандартын дагуу зөөвөрлөх журам мөрдөн хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, шинэ дараалалд тээврийн температур хянах, тээвэрлэгчийн ажлын бүртгэл болон бүтээгдэхүүн хүлээн авах хяналтын баримт бичгийг чангатгах зэрэг арга хэмжээнүүд орсон байна.
Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан бага болоод өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх нь ходоод боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлд өртсөн нь илэрчээ. Тиймээс сургууль цэцэрлэгийн орчин дахь хооллотод зайлшгүй анхаарах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байгаа юм. Иймд цаашид сурагчдын үдийн хоолны амт чанарыг нэмэгдүүлэх сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэлийн явцад хяналт шалгалт хийх шаардлагатай байна.