Францын Ерөнхийлөгч Э.Макрон Батлан хамгаалахын сайд асан Лекорнуг шинэ Ерөнхий сайдаар томиллоо

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын Засгийн газар огцорсны дараа Батлан ​​хамгаалахын сайд асан Себастьян Лекорнуг шинэ Ерөнхий сайдаар томиллоо. Өмнөх Ерөнхий сайд Франсуа Байру парламентын доод танхимд итгэл үзүүлэх эсэх санал хураалтад ялагдал хүлээсний дараа Эммануэль Макрон сүүлийн хоёр жилийн хугацаанд тав дахь Ерөнхий сайдаа томилсон нь энэ юм. 

Мягмар гарагт Эммануэль Макрон Себастьян Лекорнуг Ерөнхий сайдаар томилох зарлигт гарын үсэг зуржээ. 39 настай Лекорнуг Эммануэль Макроны үнэнч хүмүүсийн нэг гэж үздэг ч тэрээр нэгэн цагт Баруун жигүүрийн намд харьяалагддаг байжээ. Лекорнуг Францын барууны болон хэт барууны намуудын хууль тогтоогчдын  зүгээс хамгийн бага эсэргүүцсэн нэр дэвшигч юм байна. Парламентын сонгуулийн дараагаас Франц улсыг цөөнхийн Засгийн газар удирдаж байгаа төдийгүй парламентын танхимд олонх болсон Баруун жигүүрийн намууд кабинетад хяналт тавих зарчмаар ажиллаж, хууль тогтоох байгууллагад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа юм. 

Францын шинэ Ерөнхий сайд Лекорну ирэх санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөг батлахын тулд баруун жигүүрийн намуудтай яриа хэлэлцээ хийж эхлэх төлөвтэй байна. Сүүлийн  хоёр жил орчмын хугацаанд Францын цөөнхийн Засгийн газрууд төсвөө танах, эсвэл татвараа нэмэх, тэтгэврийн насыг сунгах зэрэг сорилтууд дунд хуваагдсан парламентаас дэмжлэг авах хүндхэн даалгавартай нүүр тулсан юм. Өнгөрсөн долоо хоногт огцорсон Байругийн Засгийн газрын санхүүгийн сэргээн босголтын төлөвлөгөө сөрөг хүчний намуудын дэмжлэгийг авч чадаагүй тул огцрохоос өөр аргагүй болсон юм.