Өнгөрөгч Мягмар гарагт Украины нэгэн тосгонд тэтгэврийн мөнгөө авахаар дугаарлаж байсан 24 ахмад настан ОХУ-ын агаарын цохилтод өртөж амиа алджээ. Украины зүүн бүс нутгийн Донецк мужийн нэгэн тосгонд уг халдлага болсныг тус улсын онцгой байдлын албанаас мэдээлсэн байна.
Украины дотоод хэргийн сайд Игорь Клыменко "Орос улсын арми Ярова тосгоны шуудангийн газарт тэтгэврээ авахаар дугаарлаж байсан ахмадуудыг онилон пуужингаар довтоллоо” хэмээн мэдэгджээ. Энэ тосгон нь Донецкийн Славянск хотын ойролцоо, фронтын шугамаас ердөө 10 км-ийн зайд оршдог байна.
Гурван жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа дайны уршгаар нийт 12 мянга орчим энгийн номхон иргэн амиа алдсан гэж НҮБ-аас мэдээлж байгаа. Тэгвэл өнгөрөгч Мягмар гарагт болсон агаарын довтолгоо нь энгийн иргэдийг онилсон халдлагын хамгийн сүүлийн жишээ болж байна.
Ахмадуудыг онилсон халдлагын дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський олон улсын хамтын нийгэмлэгт хандан оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Тэрээр “Дэлхий нийт үүнийг чимээгүй өнгөрөөх ёсгүй. АНУ, ЕХ, хорийн бүлэг бүгд ОХУ-ын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн хэлсэн байна.
Украины тосгон, сууринуудад бэлэн мөнгөний машин байдаггүй, мөн ахмадууд цахим банк ашиглаж чаддаггүй тул банкныхан сар бүр шуудангийн байрны гадаа тэтгэврийн мөнгийг олгодог байна. Чухам энэ үеэр буюу энэ сарын мөнгөө авч байх үеэрээ ахмадууд оросын пуужингийн довтолгоонд өртжээ.