Зээлийн “Хар жагсаалт” үгүй болж, зээлжих зэрэглэлийн онооны систем үйлчилж эхэллээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Ингэснээр “Хар жагсаалт” гэх ойлголт үгүй болж, зээлийн онооны систем хэрэгжинэ. Иргэн, ААН-ийн зээлжих зэрэглэлийн оноо нь өндөр бол илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

—Зээлийн оноог тооцоолохдоо орлого, зээлийн түүх, зээлийн төлөлтөө хоцроолгүй төлсөн байдал, төлбөрийн чадварын харьцаа зэрэг олон талын мэдээллийг ашиглан тухайн иргэн, ААН-ийн санхүүгийн хариуцлагыг 300–999 хүртэлх оноогоор үнэлэх юм байна.

—Үүнд, 300–469 оноо нь муу буюу орлого тогтворгүй, зээлийн муу түүхтэй гэдгийг тодорхойлох бол 470–629 оноо нь тааруухан буюу өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй гэсэн тодорхойлолт юм байна.

—Харин 630–769 нь дундаж буюу орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, эсвэл зээлийн туршлагатай ч зээлийн эргэн төлөлт нь зарим үед тогтмол бус гэсэн тодорхойлолт ажээ.

—Тэгвэл 770–899 оноо нь онц буюу зээлийн туршлагатай, сахилга баттай, зээл төлөлт тогтмол гэсэн үг бол хамгийн өндөр оноо буюу 900–999 оноо нь маш өндөр орлоготой, төгс сахилга баттай зээлдэгч гэсэн тодорхойлолт юм байна.

Энэ оны байдлаар зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан 1 сая 600 мянган иргэн, 19.600 ААНБ-ын зээлийн мэдээлэл хадгалагдаж байна. Үүнээс 70 мянган зээлдэгчийн мэдээлэл “Хар жагсаалт” буюу муу түүхэд бүртгэлтэй. Нэгэнт муу түүхэд бүртгэгдсэн зээлдэгч нь зээлээ бүрэн барагдуулснаас хойших 6 жилийн хугацаанд санхүүгийн аль ч төрлийн байгууллагаас зээл авах боломжгүй байсан юм. Тэгвэл 9-р сарын 10-аас хэрэгжиж эхэлж буй зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн ангилал болоод хар жагсаалтыг халж, онооны системээр зээлжих зэрэглэлийг тогтоодог боллоо. 

Иргэн ААНБ-ын зээлийн хариуцлагыг 300-999 хүртэлх оноогоор дүгнэнэ. Зээлээ хугацаанд нь төлөх бүрд оноо тогтмол өсөх бол хугацаанаас нь хэтрүүлсэн тохиолдолд буурна. Харин хугацаанаас хэтрүүлсэн ч бүрэн төлж барагдуулсан, дахин санхүүгийн сахилга бат алдаагүй тохиолдолд оноо нэмэгдэх журмаар хэрэгжих юм байна. Иргэд зээлжих зэрэглэлийн оноогоо И-Монголиа цахим системээс харах боломжтой.