Манай улс 2050 он гэхэд 5 сая хүн амтай болох зорилт тавьсан ч сүүлийн жилүүдэд төрөлт эрс буурсаар байна. Тухайлбал, 2022 онд улсын хэмжээнд 74 мянган эх амаржиж байсан бол өнгөрсөн онд 57 мянга хүртэл буурсан байна. Өнөөдөр зохион байгуулагдсан эх барих, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх олон улсын онол практикийн хурлын үеэр төрөлт буурах болсон шалтгаан, өсвөр насныхны жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлыг хэлэлцэж, ирээдүйн хүн амын бүтэц, эрүүл мэндийн бодлогын талаар санал солилцлоо.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 57 мянга гаруй эх амаржиж, нийт төрсөн хүүхдийн тоо 58 мянга орчим байна. Энэ нь 2023 оныхоос ойролцоогоор 10 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өсвөр насны жирэмслэлтийн тоо ихсэж байна. Зөвхөн хүрээ амаржих газарт л гэхэд энэ оны эхний 8 сарын байдлаар 11-17 насны 97 охин амаржжээ. Тэгвэл сүүлийн 5 жилд төрөлт дунджаар 20 мянгаар буурсан нь хүн амын бүтэц, залуу үеийн тоо, ирээдүйн өсөлтөд нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өсвөр насны жирэмслэлт ихэссэнээр дагаад үр хөндөлтийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд нийт 12 мянга гаруй үр хөндөлт хийгдэж, тэдгээрийн 4.6 хувь нь 11-17 насны охид байна. Тиймээс эрүүл мэндийн, тэр дундаа жирэмслэлтийн талаарх ойлголтыг ерөнхий боловсролын сургуулиас эхлүүлэн зааж эцэг эх, асран хамгаалагчид охид, хөвгүүдтэйгээ бэлгийн бойжилтын талаар илүү нээлттэй ярилцаж, анхаарал хандуулах шаардлагатай юм.
Эрүүл мэндийн салбарын зүгээс нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл хангалтгүй, амьдралын нөхцөл хүнд зэрэг хүчин зүйлс үр хөндөлтийн түвшинд нөлөөлж байна гэж үзэж байна. Тиймээс гэр бүл төлөвлөлт, хамгаалах арга хэрэглээ, өсвөр насны эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.