Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын жагсаал төрийн ордны баруун талд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газраас ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэх талаар ирэх оны төсөвт тусгасан ч энэ нь хангалтгүй дүн гэж үзэж байгаа юм.
—Энэ оны 1-р сарын 1-ээс тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг болсон юм.
—Үүнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулж үзвэл тэтгэврийн доод хэмжээ ердөө 3 дахин нэмэгджээ. 2015 онд тэтгэврийн доод хэмжээ 216 мянган төгрөг байсан байна.
—Тэгвэл өнөөдрийн байдлаар ахмадуудын тэн хагас нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Судалгаагаар нийт 600 орчим мянган тэтгэвэр авагч байдаг бөгөөд 57 хувь нь сард 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна.
—Тиймээс өчигдрөөс эхлэн ахмадууд төрийн ордны баруун хаалган дээр жагсаж, төрийн 3 өндөрлөгт тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлага хүргүүлээд байна.
Тэтгэвэр бол иргэн тодорхой хугацаанд ажиллаж, цалингаасаа татвар төлснийг үндэслэн өндөр нас, хөдөлмөрийн чадвар алдалт, эсвэл бусад хуульд заасан нөхцөлд тогтмол олгодог орлогын эх үүсвэр юм. Гэвч өнөөдрийн нөхцөлд ахмадуудын тэтгэвэр орлогын эх үүсвэр бус наад хэрэгцээгээ хангахад нь ч хүрэлцэхгүй байна.
Дундаж тооцооллоор тэтгэвэр авагч нэг иргэний нөхцөл байдлыг тооцож үзвэл: 22 наснаас 60 нас хүртлээ 38 жил ажиллавал нийтдээ 220 сая орчим төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр байна. Харин тэтгэвэрт гараад дундаж наслалт буюу 15 жил амьдрахдаа хамгийн доод хэмжээний 689 мянган төгрөгөөр тооцоход ердөө 124 сая төгрөгийг буцаан авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн төлснөөсөө 100 гаруй сая төгрөгөөр бага авч байгаа нь бодит үнэн болоод байна.
Тэгвэл засгийн газраас ирэх оны төсөвт тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлнэ гэж тусгажээ. Цаашид ч мөн жил бүр 6 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа юм. Гэвч энэ нь мөн л тооцоололгүй шийдэл байна. Харин ахмадууд тэтгэврийн доод хэмжээг сая 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна.
Тэтгэврийн хэмжээ, шударга бус тогтолцооны талаар ахмадууд жил бүр дуугардаг ч төрөөс төдийлөн дорвитой шийдэлд хүрдэггүй. Энэ жишгээр шинэ засгийн газар ч мөн ахмадуудад хариу үйлдэл үзүүлсэнгүй.