Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан 2 дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 1566 бүртгэгджээ

Хичээл сургууль эхэлснээр түрээсийн скүүтэр, мопед, суррон зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ эрс нэмэгджээ. Гэвч тухайн тээврийн хэрэгслийг жолоодохдоо явган зорчигчийн замаар зорчдог нь алхаж буй иргэдэд саад учруулдаг төдийгүй тэднийг мөргөж гэмтээх тохиолдол нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд 162 иргэн алхаж явахдаа скүүтэр, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд мөргүүлж бэртэж гэмтжээ.

—Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр, 2022-2024 оны хооронд улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтэр, мопедоос үүдэлтэй нийт 887 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин зөвхөн энэ оны эхний 7 сарын байдлаар гэхэд 1566 иргэн цахилгаан хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослын улмаас эмнэлгийн байгууллагад хандсан нь өмнөх оны мөн үеэс 6 дахин өссөн үзүүлэлт юм.

—Осол гэмтлийн тоог насны ангиллаар авч үзвэл, нийт ослын дийлэнх буюу 33 хувийг 15-19 насны өсвөр үеийнхэн эзэлж байгаа бол, 0-14 насны хүүхдүүд 16 хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн, 0-4 насны 13, 5-9 насны 51 хүүхэд осолд өртсөн байна. 

—Энэ оны эхний 6 сарын байдлаар гэхэд л 18 хүүхэд цахилгаан 2 дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осолд орж, амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүний 2 тохиолдол нь түрээсийн скүүтэр, мопедын осол юм. 

—Цахилгаан 2 дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослын шалтгааныг задлан харвал, 54.8 хувь нь тээврийн хэрэгслээс унаж бэртсэн, 26.6 хувь нь автомашинтай мөргөлдсөн, 10.4 хувь нь явган зорчигч мөргөсөн бол үлдсэн 8.2 хувь нь хөдөлгөөнгүй зүйл болон бусад цахилгаан 2 дугуйт тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна.

Скүүтер, мопедыг өдөрт дунджаар 18 мянга орчим иргэн түрээсээр ашигладаг. Цахилгаан 2 дугуйт тээврийн хэрэгсэл унах үедээ иргэдийн дийлэнх нь зорчих хэсэг хангалтгүй гэх шалтгааны улмаас явган иргэдийн зорчих хэсгээр зорчдог. Зай талбайн хүртээмжгүй байдлаас шалтгаалан явган зорчигчид мөргүүлэх хүндээр бэртэх тохиолдол нэмэгдсээр байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эдгээр цахилгаан хоёр дугуйт тээврийн хэрэгслийг зөвхөн 16 болон түүнээс дээш насны иргэд хэрэглэх боломжтой гэж заасан байдаг ч бодит байдал дээр сурагч, бага насны хүүхдүүд гэр сургууль хоёрын хооронд түрээсийн цахилгаан хэрэгсэл унаж байгаа нь ослын тохиолдлыг нэмэгдүүлсээр байна. 

Хэдийгээр хууль хүчний байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч нөгөө талд эцэг эх, асран хамгаалагчид бага болон өсвөр насны хүүхдэдээ хараа хяналт тавих тухайн тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй байхад анхаарал хандуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал байна.