Энэ оны 7-р Сараас хойш Пакистан улс даяар хүчтэй аадар бороо орсны дараа олон бүс нутагт үер буусны уршгаар 960 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын төвийн Пенжаб мужийн 2.6 сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Жил бүр тогтсон цаг үед далайгаас эх газрын зүг чийглэг салхи үлээсний уршгаар маш их бороо авчирдаг улирлыг Муссон гэж нэрийддэг байна. Тэгвэл сүүлийн гурван сарын хугацаанд Пакистаны төвийн Пенжаб мужид орсон хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 40 орчим хувиар их байжээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар үерийн улмаас тус улсын хэмжээнд 963 хүн амиа алдсаны дотор Инд мөрний цутгал голууд эргээ даван урссан нь Пенжаб мужийн нөхцөл байдлыг дордуулсан гэж мэдээллээ.
Үерийн гамшигт өртсөн бүс нутгийн 1 сая гаруй оршин суугч орон гэргүй болсон бөгөөд одоо тэд майханд хоног төөрүүлж байгаа юм байна. Мөн мэргэжлийн байгууллагаас гамшгийн дараа газар нутаг хэвийн байдалдаа орж, иргэний дэд бүтцийг сэргээхэд 10 гаруй жилийн хугацаа шаардагдана гэж тооцоолжээ. Цаг уурчид уур амьсгалын өөрчлөлтөөс болж борооны улиралд үлэмж хэмжээний аадар бороо ордог болсон гэж үзэж байна. НҮБ-аас тус улсад тусламжийн бараа хүргэхийн тулд 10 сая ам.доллар хуваарилжээ.