Лондон хотноо болсон Их Британийн үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалд 100 мянга гаруй хүн оролцжээ 

Өнгөрсөн Бямба гарагт Лондон хотноо цагаачлалын эсрэг томоохон хэмжээний жагсаал болж, Их Британийн 100 мянга гаруй үндсэрхэг үзэлтнүүд үзэл бодлоо илэрхийлжээ. Үндсэрхэг үзэлтнүүд Их Британиас орогнол хүсэгчдийг даруй эх оронд нь буцаах, дайныг зогсоох чиглэлд нөлөөллөө үзүүлэх, нийгмийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг засгийн газраасаа шаарджээ. 

Саяхан нийтлэгдсэн албаны тоо баримтад дурдсанаар Англи, Уэльсийн 200 орчим зочид буудалд 30 мянга гаруй орогнол хүсэгчид байрлаж байна. Өнгөрсөн 7-р Сард Английн Зүүн өмнөд хэсэгт орших Эссекс хотын нэгэн зочид буудалд байрлаж байсан Этиопийн дүрвэгч эрэгтэй Их Британийн 14 настай өсвөр насны охин болон өөр нэг эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хуулиар хориглосон зүй бус авир гаргасан зэрэг хэрэгт холбогдсон юм. 

38 настай Этиоп эрэгтэй охиныг үнсэхийг завдаж, тэврэхийг завдаж, хүч хэрэглэн буудлын өрөө рүү дагуулж орохыг хүчилсэн байж магадгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Их Британийн иргэд, олон нийт дүрвэгсдийн түр амьдрах байр буюу тус зочид буудлын эргэн тойронд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн нь өргөн хүрээг хамарчээ. 

Английн нийслэл Лондон хотноо болсон эсэргүүцлийн арга хэмжээг хэт Барууны үзэлтнүүдийн дунд нөлөө бүхий хүн гэгддэг идэвхтэн Томми Робинсон зохион байгуулсан гэж мэдээллээ. 

Жагсагчид Англи, Их Британийн туг далбааг намируулж "Орогнол хүсэгчдийг гэр лүү нь буцаа", "Хүүхдүүдээ аваръя" гэсэн бичигтэй лоозон барьжээ. Цагдаа нарын мэдээлснээр жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон байна. АНУ-ын тэрбумтан Илон Маск өөрийн цахим хуудастаа цугласан олонд хандан "Их хэмжээний хяналтгүй цагаачлал" "Их Британийг сүйрэлд" хөтөлж байна гэж мэдэгдлээ. Жагсаал оргил үедээ хүрэх үед жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, 26 офицер шархаджээ. Бямба гарагт Их Британи улсад хэт Барууны үзэлтнүүдийн нөлөөлөл, Фашизмыг зогсоохыг уриалсан өөр нэг жагсаал болсон ч аажмаар тарсан гэж мэдээллээ. Өсөн нэмэгдэж байгаа эмх замбараагүй байдлын хариуд Британийн засгийн газар орогнол хүсэгчдийг массаар нь буцаах, зочид буудлуудыг түр орогнох байраар ашиглах төлөвлөгөөнөөсөө татгалзахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ.