Энэ оны 3-р Сараас хойш ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмүүд тасалджээ

Ийнхүү Ерөнхий сайд Занданшатар эрүүл мэндийн салбарыг сэргээсэн гэж хэлж байгаа ч бодит байдалд улс даяар эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд ороод байна. Эм, эмнэлгийн багаж, хэрэгсэл ханган нийлүүлдэг монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “эм” холбооноос эрүүл мэндийн байгууллагуудад эм нийлүүлэх үйл ажиллагааг зогсоогоод байна. Угтаа сар гаруйн өмнөөс эм тасалдах асуудлаар харьяа яам, байгууллагуудад удаа дараа мэдээ, мэдэгдэл хүргүүлсэн ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрч, нийтдээ 200 орчим нэр төрлийн эм, бэлдмэл бүрэн тасраад байна. 

—Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “эм” холбоонд 80 гаруй аж ахуй нэгж хамрагдаж, монголын бүхий л эмнэлэг болоод эмийн сангуудад эм, эмнэлгийн багаж, хэрэгсэл ханган нийлүүлдэг. Гэвч эрүүл мэндийн байгууллагууд гэрээнд заагдсан хугацаанд төлбөрөө төлөөгүйн улмаас өнгөрөгч 7-р сарын байдлаар л гэхэд нэр бүхий 16 эрүүл мэндийн байгууллагын нийт өр 116 тэрбум төгрөг давжээ. 

—Улмаар эм ханган нийлүүлэх байгууллагууд эргэлтийн хөрөнгөгүй болж, гадаад улсаас зээлээр эм татаж эхэлсэн байна. Гэвч нөхцөл байдал даамжирсаар эм хангамжийн байгууллагууд дахин зээл авах боломжгүйд хүрээд байна. Үүнээс үүдэн эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдож эхлээд байгаа юм.

—Одоогийн байдлаар нэн шаардлагатай 100 гаруй эм, бэлдмэл болон даатгалын хөнгөлөлттэй 80 гаруй төрлийн эм гээд нийтдээ 200 орчим эм, бэлдмэл бүрэн тасраад байна. 

—Мөн эмнэлгийн багаж, хэрэгсэл тасалдаж, өнөөдрийн байдлаар улсын эмнэлгүүдийн үзлэгийн бээлий, хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг уураг тасалджээ.

Ковидын цар тахлын үеэс буюу 2022 оноос хойш эрүүл мэндийн байгууллагууд гэрээний дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авсан  төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүйн улмаас нийт өрийн хэмжээ 250 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Ийнхүү төлбөрийн өр хуримтлагдсанаар дахин эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх боломжгүй болсон төдийгүй худалдан авалт хийх санхүүжилтгүйн улмаас эмийн нөөц ч дуусахад хүрч, 200 орчим нэр төрлийн эм, бэлдмэл бүрэн тасраад байна. 

Тэгвэл эм, эмнэлгийн багаж хэрэгслийн хомсдолын асуудлаар салбарын сайдаас тодруулахад ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй бөгөөд эмийн нөөц хэвийн байгаа гэж мэдээлж байна. Харин эм холбооноос удаа дараа тус асуудлаар харьяа яамд мэдэгдэл хүргүүлж, яамны зүгээс 2 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоог хүртэл үр дүн, шийдэлд хүрээгүй байна. 

Гэвч бодит байдалд жороор олгогдох 200 орчим эм, бэлдмэл бүрэн тасарч, өргөн хэрэглээний жоргүй олгогдох өмхий тос, ханиадны зарим эм хүртэл тасраад байгаа нь иргэдийг сандралд оруулж, ахмад настнууд даралтынхаа эмийг авч чадахгүй нөхцөлтэй 6 сарыг өнгөрөөгөөд байна. Үүнээс гадна улсын эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ хийлгэж байгаа иргэд хүртэл гаднаас эм авчрах шаардлага тулгараад байна. 

Эм ханган нийлүүлэлтийн байгууллагын өр, авлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэн, санхүүжилт олгож, эм, эмнэлгийн багаж хэрэгслийн нийлүүлэлтийг сэргээх нэн шаардлагатай байна. Хэрэв уг асуудал энэ хэвээр үргэлжилбэл эмнэлгийн байгууллагын багаж, хэрэгсэл бүрэн тасалдаж эхэлснээр эмнэлэгт хандах иргэдийг үзэх боломж багасаж, үүнээс илүүтэй өвчлөл нэмэгдэх эрсдэл нүүрлээд байна.