Шахмал түлш борлуулах цэгүүдийн татан авалт дуусаагүй, иргэд түлш худалдан авах “сайн” карт системийн алдаа заажээ

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 274 цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулж эхэлнэ гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч захиалга өгсөн ихэнх борлуулалтын цэгүүдэд шахмал түлш ирээгүй байгаа бөгөөд ирсэн цөөн тооны цэг дээр карт унших төхөөрөмжид сүлжээний доголдлоос үүдэлтэй асуудал гарч иргэд шахмал түлш худалдан авч чадахгүй байна. 

Цаг агаар хүйтэрч, иргэд шахмал түлшний борлуулалт эхэлсэнтэй зэрэгцэн түлшний эрэлд гарч байна. Өнөөдөр л гэхэд нийслэлийн 274 цэгээр нийт 1370 тонн шахмал түлш борлуулж байна гэж нийслэлээс мэдээлсэн. Гэсэн хэдий ч өдрийн 12 цагийн үед л гэхэд дийлэнх цэгүүдийн захиалсан түлш хүргэгдээгүй байсан бөгөөд түлш хайсан иргэд хоосон хаалга мөргөн, дараагийн цэг рүү явж байсан юм. Харин цөөн тооны шахмал түлш борлуулах цэгт түлш буусан ч худалдан авалт хийхээр очсон иргэд системийн доголдлын улмаас түлш худалдан авах сайн картаа уншуулж чадахгүй байлаа. Жил бүр шахмал түлшний борлуулалт эхлэх энэ үеэр иргэд “Таван толгой түлш” ХХК-ийн лавлах утсаар холбогдон сайн картаа идэвхжүүлэх шаардлага тулгарч, ачааллаас үүдэн идэвхжүүлэлт удааширдаг байна. Түүнчлэн 3-4 хоногийн турш системийн алдаа гарах нь түгээмэл бөгөөд энэ хугацаанд түлш авах боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна.