Балба улсын түр Ерөнхий сайд засгийн газрын бүтцээ танилцууллаа

Балба улсад цус асгаруулсан эсэргүүцлийн жагсаалын дараа залуус дискорд хэмээх цахим сүлжээний хэрэгслээр дамжуулан түр ерөнхий сайдыг тодруулсан гэж мэдээлж байгаа юм. Тэгвэл тус улсын түр Ерөнхий сайд авлига албан тушаалын эсрэг тэмцэгчид, улс төрийн зүтгэлтнүүдийг засгийн газрын сайдаар томилжээ. 

Энэ сарын эхээр Балбын засгийн газар сошиал платформуудын сүлжээг хаах арга хэмжээ авсны дараа тус улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Өнгөрсөн долоо хоногт намжсан эсэргүүцлийн жагсаалын үеэр 72 хүн амь үрэгдэж, 1000 гаруй жагсагч шархадсан гэж мэдээлж байна. 

Эсэргүүцлийн жагсаалын улмаас Балбын Ерөнхий сайд Кшарма Оли огцорсны дараа түр Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч асан Сушила Карки үүрэгт ажилдаа орсон. Өнгөрөгч даваа гарагт тэрээр түр засгийн газартаа хөдөө аж ахуй, сангийн болон дотоод хэргийн сайд зэрэг кабинетынхаа гурван шинэ сайдыг танилцууллаа.

Балбын түр засгийн газар залуусынхаа хамтаар авлига хээл хахуулийн үйлдлийг зогсоож, улс орныхоо баялгийн цоорхойг арилгах, нийгмийн тэгш бус байдлыг бүдгэрүүлэх өөрчлөлтийг хийнэ гэж мэдэгджээ. 

Балбын түр засгийн газар эмх замбараагүй байдлын улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд 1 сая рупи буюу 7100 орчим ам.долларын нөхөн олговор олгож,  шархадсан хүмүүст үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэж мэдэгджээ.