Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаанаар онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хууль нь дөрвөн заалттай бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн дээр татвар тогтоох тухай заалтыг тусгажээ. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал цаашид манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарлаж байна.
Манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэдэг бүлэг хүмүүс цөөнгүй байдаг талаар УИХ-ын гишүүн Пүрэвдорж хуулийн төслөө танилцуулахдаа онцоллоо. Тэрээр хэлэхдээ эдгээр бүлэг хүмүүс зориулалтын бусаар Керосин, Нафта зэрэг олон хольцыг Монгол улсад онцгой татваргүй оруулж ирж технологийн бус аргаар шатахуунд хольж хэрэглээнд нийлүүлдэг гэх асуудлыг хөндсөн юм. Хуурамч шатахууны хэрэглээ өндөр байгаа нь монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй эдийн засгийн аюулгүй байдалд халдаж байна гэж үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
Өмнө нь хуурамч шатахууны эсрэг хууль 2019 онд батлагдаж хоёр жилийн туршид хэрэгжиж байсан юм. Гэсэн хэдий ч 2023 онд үндсэн хуулийн цэцээс тус хууль нь үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул хүчингүй болгожээ. Улмаар уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлж хэлэлцлээ.