Литва, Эстони тэргүүтэй улс орнууд бага, дунд ангийн сургалтын хөтөлбөртөө дрон эзэмших хичээл багтаажээ 

Литва улсын засгийн газар бага, дунд ангийн сургалтын хөтөлбөртөө дрон эзэмших ур чадварын хичээл батгаахын зэрэгцээ энэ талаарх сурах бичгийг нь хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус улсын Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд 10 мянга гаруй хүүхдийг дрон эзэмших хөтөлбөрт бүрэн хамруулж, цаашид олон арван сургалтын төвүүдийг нээхээр төлөвлөсөн байна.

Литва улсын Батлан ​​хамгаалах яам 10-аас доош насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд дрон хэрхэн угсрах, нисгэх, программчлах аргыг заахаар төлөвлөжээ. Хүүхдүүд эхлээд ахуйн хүрээнд ашиглаж болох дроныг хөөргөж, хиймэл байнд агаарын цохилт өгөх дадлага хичээлд хамрагдах бол дараагаар нь байлдааны дронууд дээр ажиллана гэж Литва улсын Батлан хамгаалахын сайд хэвлэлд ярьжээ. 

Уг санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдалд сорилт учирсан эгзэгтэй энэ цаг үед тохиож байгаа ч орчин үеийн технологи, тандалтын ур чадварт залуу хойч үеээ бэлтгэх зорилготой гэж албаны тайлбарт онцолсон байна. Гэхдээ хичээл сургалт нь байлдааны сургуулилалт гэхээсээ илүүтэйгээр хүүхдийн онцлогт тохирсон арга барилаар технологийн ур чадвар, нөхцөл байдлыг танин мэдэхэд илүүтэй чиглэгдэж, хүмүүжлийн чанартай байх юм.

Украины дайн эхэлснээс хойш Европын хэд хэдэн улс орон технологи, батлан хамгаалах сургалт, аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд дрон нисгэх, угсрах, програмчлах хичээл орж эхэлжээ. Тухайлбал Украин, Эстони, АНУ, Хятад зэрэг улсууд тандалт, довтолгооны дэвшилтэт төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх, эзэмших чиглэлд өндөр санаачилга гаргаж байгаа юм.