Урсула Фон Дер Лейен: ЕХ ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүний импортоос нэн яаралтай татгалзах саналтай байна

2022 онд Украины дайн эхэлсний дараа Европын Холбоо ОХУ-тай эрчим хүчний салбар дахь олон арван жилийн харилцаагаа таслахыг эрмэлзэж байгаа төдийгүй 2028 оны 1-р Сарын 1-ний өдөр гэхэд импортоо бүхэлд нь зогсоох хуулийн төслийг танилцуулсан юм. 2022 онд Европын дийлэнх улс орнууд оросын түүхий нефтийн импортоо, 2023 онд оросын шатахууны импортоо зогсоосон ч байгалийн хий, нүүрс, цөмийн түлш, баяжуулсан уран худалдан авсаар байгаа нь нууц биш юм. 

Мягмар гарагт Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула Фон Дер Лейен АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсныхаа дараа Европын комисс ОХУ-ын чулуужсан түлшний импортоос “Аль болох хурдан хугацаанд” татгалзах саналтай байгаагаа мэдэгджээ. Тэрээр ЕХ-ны зүгээс АНУ зэрэг ойрын холбоотнуудтай хамтарсан хүчин чармайлтаа бэхжүүлж, нэмэлт хориг арга хэмжээ авах замаар Орос улсад үзүүлэх эдийн засгийн дарамтаа эрчимжүүлэх ёстой гэж онцолсон байна.

Дайн эхэлснээс хойш Европын улс орнууд ОХУ-ын эсрэг 19 дэх эдийн засгийн багц хориг арга хэмжээгээ зарлах гэж байгаа ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд ЕХ-ны гишүүн улсууд нийт 210 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тосыг Москвагаас худалдан авч, В.Путины түрэмгийллийг санхүүжүүлжээ. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал Орос улсын эсрэг хэдэн зуун хориг арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ил тод хэлсэн бөгөөд Оросын түүхийн нефтийг боловсруулж, шатахуун болгон зах зээлд нийлүүлж байгаа БНХАУ, БНЭУ зэрэг гуравдагч орнуудын эсрэг ч хориг арга хэмжээ авах саналыг тэрээр гаргасан юм. 

Мягмар гарагт Урсула Фон Дер Лейен  "Удахгүй Европын комисс оросын крипто, банк, эрчим хүчний салбарыг онилсон 19 дэх хориг арга хэмжээгээ танилцуулах болно" гэж  цахим хуудастаа нийтэлжээ. Гэсэн ч тэрээр оросын байгалийн хий, ураны нийлүүлэлтээс шууд татгалзах байр суурийг илэрхийлээгүй байна. 

Тэгвэл АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын Холбоо Хятад, Энэтхэг улсад болон өөрсдөдөө шийтгэл ногдуулахгүй бол Трампын засаг захиргаа түрүүлж үйлдэл хийхгүй гэдгийг анхааруулжээ.