Нийгмийг цочроосон хоёр ч хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Одоогоос жил гаруйн өмнө 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насанд санаатай, онц хэрцгийгээр халдаж, нуун дарагдуулсан хэрэг гарсан. Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж байна. Харин өнгөрөгч 6-р Сард томоохон худалдааны төвд эхнэрээ мөн онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж, хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноолоо.
Өнгөрөгч 6-р Сард Жем молл худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн гэмт хэргийн хэрэгтний гэм бурууг шүүх хурал өглөөний 9 цагт эхэлсэн. Прокуророос гэмт хэрэгтнийг эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “Онц харгис хэрцгийгээр” хүний амийг хохироосон, 2.8 “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зүйл заалтаар буруутган ялласан байна. Хэрэгтэн нь талийгчтай гэр бүлийн харилцаанд байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэдгийг хэрэгт холбогдогчдын хүү болон хохирогчийн ээж, аавын зүгээс хэлж байгаа юм. Амь хохирогчийн гэр бүлийн зүгээс ч талийгчийн гар утсан дээрх нотлох баримт болох нөхөр буюу гэмт хэрэгтэнтэй харилцааны зөрчилтэй байсан зурвасуудыг өгчээ. Гэвч шүүхээс гар утас дээрх зурвасыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Шүүх хуралдааны үеэр хэрэгт холбогдогчдын хүү өмгөөлөгчийг дуудаж гаргаж ирэн уулзсан юм.
Тус хэрэг нь ганцхан айлын эмгэнэл бус, гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд ямар хэмжээнд хүрснийг харуулж байна.
Улмаар шүүхээс Жем молл худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял ногдууллаа. Тус хэргийн араас 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амийг хөнөөж, нуун дарагдуулсан гэх гэмт хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан юм. Энэ үеэр тус хэргийг жигшсэн олон иргэд шүүхийн гадна цугласан байлаа.
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй учир улсаас хүний эрхийг хангах зорилгоор өмгөөлөгч томилжээ. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Хэрэгт бэлгийн харилцааны шинжтэй мэдээлэл болон хохирогчийн гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг зэрэг багтсан тул хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахыг өмгөөлөгчдийн зүгээс хүссэн байна.