Улсын хэмжээнд эрт илрүүлгийн хөтөлбөрийг анх 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг хүндрэхээс нь өмнө илрүүлэхэд чухал ач холбогдолтой байсан юм. Гэвч улсын хэмжээнд хийгдэж байсан эрт илрүүлгийн үздэг, оношилгоог зорилтод бүлэгт илүү чиглүүлсэн байдлаар шинэчлэх шаардлагатай гэж үзэн 2025 оны 10-р сараас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм. Тэгвэл эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог энэ оны 6-р сарын 1–ээс өмнө амжиж эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Манай улсын иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилготой “эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгоо” үндэсний хөтөлбөр нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2025 он хүртэл нийт 1 сая 368 мянган иргэн, өөрөөр хэлбэл нийт хүн амын 40.6 хувь нь эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Үүний 50.8 хувь нь нийслэлийн, 49.2 хувь нь орон нутгийн иргэд байжээ. Эрт илрүүлэгт хамрагдсанаар 1.4 сая иргэний ямар нэг өвчлөлийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч чадсан байна
Гэвч эрт илрүүлэгт зарцуулах төсөв төлөвлөснөөс давж, шаардлагатай шинжилгээний санхүүжилт хүрэлцээгүй болсон шалтгаанаар өнгөрсөн оны 10-р сарын 1-нээс уг хөтөлбөрийг улс даяар тодорхойгүй хугацаанд түр зогсоосон байна. Үүний улмаас одоогоор эрт илрүүлгийн шинжилгээг авч эхлээгүй байгаа бөгөөд иргэдийн зүгээс уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж хэлж байна.
2023 онд 852 мянган иргэн буюу хүн амын 25.7 хувь нь үзлэгт хамрагдсан бол 2024 онд 1 сая 549 мянга гаруй иргэн буюу зорилтот бүлгийн 45.8 хувь нь хамрагдсан нь жилээс жилд хамрагдалт нэмэгдэж байгааг харуулж байна. Зөвхөн элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт гэхэд 40–65 насны 304 мянган иргэн хамрагдаж, 64 тохиолдолд хорт хавдар илэрсэн байна. Мөн нийт 1.4 сая орчим иргэн өөрт ямар нэгэн өвчин байгаа эсэхээ мэдэх боломжтой болжээ.
Эрт илрүүлгийг түр зогсоосон шалтгааны талаар эрүүл мэндийн сайд тайлбарлахдаа, шаардлагагүй давхардсан үзлэгүүдийг хасаж, илүү оновчтой багц гарган, үр ашиггүй зардлыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн тул ийнхүү шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн юм. Мөн даатгалын ерөнхий зөвлөл энэ сарын 30-нд хуралдаж, эрт илрүүлгийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, 4-р тогтоолыг гаргах байна. Ингэснээр эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг энэ оны 6-р сарын 1-ээс өмнө дахин эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн эрүүл мэндийн салбарын төсвийн хомсдолоос шалтгаалан эрт илрүүлгийн системд шинэчлэл хийх шаардлага тулгар, цаашид зорилтот бүлэгт илүү чиглэсэн, үр ашигтай байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд онцоллоо.