БНХАУ-тай хамтарсан “Ногоон нуур” төслийн 1008 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгоно

Зорилтот бүлгийн иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан төрийн өмчийн орон сууцыг түрээслэх журам анх 2015 онд батлагджээ. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт хамрагдсан 1520 айл орон сууц түрээслэн амьдарч байна. Өмнө нь иргэдийг төрийн өмчийн орон сууцанд хамруулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байсан бол  энэ жил уг журам шинэчлэн батлагдсанаар энэ төрлийн сууцыг иргэдэд ил тод, нээлттэй байдлаар түрээслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн газар, эд хөрөнгийг орон сууцаар солих, мөн түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдсэн байна. 

Журамд төрийн өмчийн орон сууцыг иргэдэд 4 үндсэн хэлбэрээр ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Орон сууцны нөхцөл хамгийн шаардлагатай бага, дунд орлоготой иргэдийг эхний ээлжид орон сууцанд хамруулах зорилготой бол хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр буюу орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд эхлээд түрээсээр амьдарч, тодорхой хугацаанд хуримтлал бүрдүүлсний дараагаар орон сууцаа өмчлөх боломжтой болох юм байна. Харин гуравдугаарт, дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих зохицуулалт. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг илүү бодитой урагшлуулах чухал арга хэлбэр гэж үзжээ. Дөрөвдүгээрт, дахин төлөвлөлтийн үед иргэдийг орон сууцаар түр хангах буюу дахин төлөвлөлтийн төсөл гацахгүй, иргэдийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлалаа.

Энэ онд төрийн орон сууцын гол төсөл болох “солонго-1, 2” төслийн хүрээнд нийт 5,002 айлын орон сууцны бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ жил 50 хувь буюу 2,500–2,600 орчим өрхийг хамруулахаар, харин 2026 оны хоёрдугаар улирал гэхэд нийт 5,002 айлыг бүрэн оруулахаар төлөвлөсөн байна. Мөн бнхау-тай хамтран хэрэгжүүлж буй “ногоон нуур” төслийн 1,008 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох боломж бүрджээ. Түүнчлэн шинэ журмаар иргэд газраа орон сууцаар солих нөхцөл бүрдсэн. Харин дээрх 1,008 айлын орон сууцанд зөвхөн газарт хамрагдсан айлууд түрээслээд өмчлөх хэлбэрээр орох боломжтой байна. Тус журмаар төрийн өмчийн орон сууцны түрээсийн үнийг зах зээлийн үнээс хамаагүй доогуур, иргэдийн орлогод нийцсэн байдлаар тогтоохоор тусгажээ. Төрөөс хэрэгжүүлж буй “ногоон нуур-1008” айлын орон сууцны түрээслэх үнэ 594,000-653,400 төгрөг байхад тухайн бүсэд 50–60 м²-тай 2 өрөө байр 1,500,000-1,800,000 төгрөгийн өртөгтэй байна. Харин иргэдийн зүгээс төрийн өмчийн түрээсийн орон сууцны хүртээмж хангалтгүй, мэдээлэлд ойр хүмүүс танил талаараа авах тохиолдол байдаг тул зорилтот бүлэгтээ бодитоор хүрч чадаж байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа юм. Тэгвэл шинэ журам хэрэгжсэнээр иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломжтой болжээ. Сонгон шалгаруулалт энэ оны 8 сараас эхлэн хур дан системээр явагдах бөгөөд журмаар залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг зорилтот бүлгийн иргэдийг тодорхой квотоор хамруулах юм байна. Квотын хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бодит судалгаан дээр үндэслэн тодорхойлсон байна.