Залуучуудын ажиллах хэв маяг өөрчлөгдөж, нэг ажлын байранд удаан ажиллах нь ховор болжээ. 2000 гаруй ажил эрхлэгчээс судалгаа авахад нийт ажилтны 60 хувь нь ажлын байран дахь сэтгэл зүйн асуудлаас үүдэн ажлаас халшрах хам шинжтэй байгаа нь тогтоогджээ. Энэ нь байгууллагын бүтээмж, ажиллах хүчний тогтвортой байдалд шууд нөлөөлдөг ба манай улсад ажилтны сэтгэл зүйд анхаарах тогтолцоо бүрэн хөгжөөгүй, зөвхөн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг чухалчилж ирсэн нь өнөөгийн нөхцөлд нийцэхгүй байна.
Манай улсад ажиллах хүчний хомсдол өндөр байдаг. Гэвч 15–24 насны залуучууд нэг ажилд дунджаар 6 сарын турш ажилладаг гэх судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл ажлын байрны орон тооны эрэлт хэрэгцээ их байдаг ч ажилтан олддоггүй, мөн нэг ажилд удаан хугацаанд ажиллах хүсэл эрмэлзэл бага байгаа нь улсын ажилгүйдлийн түвшинд шууд нөлөөлж байгаа юм. Байгууллагын орчин нөхцөл таатай бус, удирдлага, хамт олны харилцаа муу байгаагаас залуус тогтмол ажиллах хүсэл багасдаг талаар хэлж байна. Сүүлийн жилүүдэд залуучууд цалин мөнгөний асуудлаас илүүтэй ажиллах нөхцөл, харилцаа, өсөлт хөгжлийн боломжийг чухалчилж байна. Тэгвэл сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар ажилтны сэтгэл зүй нь ажлын бүтээмж, тогтвортой ажиллах хугацаанд шууд нөлөөлдөг гэсэн юм. Тухайлбал стресс ихтэй, дарамттай орчинд ажилласнаар ажилтан хурдан ядарч, ажлын бүтээмж эрс буурдаг.
Олон улсын судалгаагаар байгууллага ажилтныхаа сэтгэл зүйд 1 долларын хөрөнгө оруулалт хийвэл эргээд 5 доллар хүртэлх ашиг хүртдэг гэж үздэг. Энэ нь бүтээмжийг 70–80 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Гэвч манай улсын аан байгууллагууд ажилчдынхаа сэтгэл зүйд хөрөнгө оруулалт хийдэггүй, анхаарал хандуулдаггүй учир ажлын бүтээмж буурч, залуучууд ажлаасаа гарах нь элбэг болж байна.
Байгууллага болон ажилтан аль аль нь сэтгэл зүйд анхаарах нь чухал. Уян хатан цагийн хуваарь, эерэг хамт олны харилцаа, тогтвортой ажлын орчин бүрдүүлснээр залуучууд ажилдаа удаан хугацаагаар тогтворжих боломжтой болж, бүтээмж нэмэгддэг. Цаашид аан байгууллагууд, ажилтныхаа сэтгэл зүйд хөрөнгө оруулж, ажлын орчныг сайжруулах нь хамгийн чухал алхам юм.