Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Тус хуулиар гэр бүлийн гишүүний ажил, амьдралын тэнцвэрийг хангах, олон хүүхэдтэй өрхийн эцэг эхийн аль нэгийг татвараас чөлөөлөх, 3 ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүл анх удаа орон сууц худалдан авахад ипотекийн зээлийн эхний ээлжид хамруулах зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товд орохтой зэрэгцэн ГБХНХЯ-аас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Чуулганаар хэлэлцэх гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувийн эрх зүйн байдал буюу гэрлэлт, хүүхдийн тэтгэмж зэрэг асуудлыг зохицуулах бол шинээр боловсруулагдсан гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд илүүтэй гэр бүлийн эдийн засаг, нийгмийн баталгаа болон амьдралын чанарыг дээшлүүлэх хөшүүргүүдийг тусгаж өгснөөрөө ялгаатай юм. Тухайлбал, 3 болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүл анх удаа орон сууц худалдан авах бол ипотекийн зээлийн эхний ээлжид шууд хамруулдаг байх зохицуулалтыг тусгажээ. Тэгвэл 3 ба түүнээс олон хүүхэдтэй гэх шаардлага нь хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой уялдах юм байна.
Манай улсад анхны гэрлэлтийн дундаж нас 23-24 байсан бол өнгөрөгч оны судалгаагаар 26-27 нас болж хойшилжээ. Мөн нэг гэр бүлийн хүүхдийн дундаж тоо 4 байсан бол 2 болж буурсан нь цаашид ч мөн цөөрөх шинжтэй байгаа юм байна. Тиймээс зайлшгүй төрийн бодлогоор залуу гэр бүлийг дэмжих шаардлагатай гэж үзэн тус хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн ажил хийхийн зэрэгцээ ар гэртээ цаг гаргах боломжийг хуулиар баталгаажуулж байна. Тухайлбал, гэр бүлийн асаргаа шаардлагатай гишүүнээ асарч буй ажилтан жилд 3 сар хүртэлх хугацаанд долоо хоногт 1 өдөр гэрээсээ ажиллах, бага насны хүүхдээ хүргэж өгөх, авахад зориулж ажлын цагийг 2 цагаар богиносгох, өвлийн амралтын үеэр ээлжийн амралт авбал нэмэлт 2 хоногийн амралт олгох зэрэг зохицуулалтууд оржээ. Мөн олон хүүхэдтэй өрхийн эцэг эхийн аль нэгийг татвараас чөлөөлөх зохицуулалт ч тусгагдсан байна.
2024 оны байдлаар манай улсад 997 мянган өрх бүртгэлтэй байна. Хууль санаачлагчдын үзэж буйгаар, гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хууль батлагдвал гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бүрдэж, гэр бүл цуцлалт бууран, өрхийн амьдралын чанар сайжирна гэх хүлээлт байгаа юм.