Украин улс санхүүгийн дэмжлэг авахаар Персийн булангийн орнуудтай батлан хамгаалахын гэрээ байгууллаа

Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлалаа амжилттай өндөрлүүлж, Батлан хамгаалах салбартаа нэгэн "Шинэ хуудас" нээлээ. Зеленьскийгийн тэрхүү айлчлал зөвхөн тусламж гуйх бус, мөн харилцан ашигтай бизнес, түншлэл санал болгосноороо онцлог байжээ. Тэрээр Персийн булангийн орнуудтай хэд хэдэн ашигтай гэрээ хэлэлцээр байгуулсан байна.

Сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд Украинчууд ОХУ-ын армийн агаарын довтолгоондоо ашиглаж байгаа дронуудыг амжилттай устгасан нь дэлхий дахинд цор ганц туршлага болсон. Тиймээс дөрвөн жилийн турш дэлхий дахинаас тусламж хүсэж, түрэмгийллийг сөрж байгаа Украины удирдагч Володимир Зеленський өөрийн дайны мэдлэг, туршлагаа худалдаж, орлого олохоор Ойрх дорнодын орнуудад айлчилсан байна. Тэрээр Персийн буланд шинэ дайн дэгдэж байгаа эгзэгтэй энэ үед  дараах тохиролцоонуудыг амжилтай хийжээ. Тухайлбал Бямба гарагт Украин, Катар хоёр улсын удирдагч батлан хамгаалах салбарт хамтран ажиллах 10 жилийн стратегийн гэрээг үзэглэлээ. Мөн тус өдөр Саудын Араб, Украин хоёр улс ижил төрлийн хэлэлцээр байгуулсан бол Арабын Нэгдсэн Эмират улс гэрээний төсөл бэлэн болсон төдийгүй Украинтай хамтран дрон хөгжүүлэх, нисгэгчгүй онгоцны довтолгооноос хамгаалах системд хөрөнгө оруулахаар тохиролцсон гэж мэдэгдлээ.

Үүнээс гадна булангийн орнууд Украины эрчим хүчний салбарын зардлыг нэг жилийн хугацаанд хариуцах, газрын тос, шатахуун, түлш нийлүүлэх амлалт өгсөн байна.

Володимир Зеленський Украины дроны мэргэжилтнүүдээ илгээж, пуужин болон дрон саатуулах технологио хуваалцах тактиктай байгаа бол хариуд нь Персийн булангийн орнууд Украины Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах бодлого барьж байгаа юм. Ням гарагт айлчлалаа өндөрлүүлснийхээ дараа В.Зеленський “ Бид өөрсдөө зэвсгээ үйлдвэрлэхийн тулд хөрөнгө оруулалт хүсэж байна.” хэмээн цохон тэмдэглэлээ.

Украинчууд ОХУ-ын армийн ашиглаж байгаа Ираны шахед дроныг бараг 90 хувийн үр дүнтэй устгаж байгаа нь нууц биш юм. Тэд шахед дроныг устгахын тулд дэлхийд хамгийн хямд бөгөөд үр ашигтай технологийг хөгжүүлж чадсан байна. Украин даяар мянга мянгаар нь байрлуулсан гар утас болон микрофоноос бүрдэх сүлжээ нь дроны моторын дууг холоос таньж, нислэгийн чиглэлийг секунд тутамд тодорхойлдог. Харин дээрх сүлжээнээс ирсэн мэдээллийн дагуу пулемёт, лазер чиглүүлэгчтэй хямд өртөгтэй  бүхий пуужин ашиглан дроныг устгаж байгаа гэгддэг ажээ.

Тэгвэл Өрнөдийнхөн болоод булангийн орнууд Украины энэхүү технологийг ихэд сонирхож байгаа юм. Учир нь 20,000–50,000 долларын өртөгтэй дроныг устгахын тулд 4 сая долларын өртөгтэй patriot пуужин ашиглах нь санхүүгийн хувьд асар их алдагдалтай байгаа юм.