Эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт бол эх, хүүхдийн эрүүл мэнд, дундаж наслалт, нас баралт байдаг байна. Өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэлсэнтэй холбогдуулан манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлтийг хүргэе.
Дэлхий дахинд эмнэлгээс гадуур нас баралтын түвшин 54 орчим хувьтай байдаг бол харин манай улсын хувьд харьцангуй өндөр буюу 73 орчим хувьтай байгаа юм.
Тухайлбал 2014-2024 оны хооронд улсын хэмжээнд нийт 189 мянган хүн нас барснаас 71 хувь буюу 134 мянга нь эмнэлгээс гадуур нас баржээ.
Тэгвэл эмнэлгээс гадуур нас барсан нийт тохиолдлын 54 хувь буюу 70 мянга орчим нь яаралтай тусламжийг цаг алдахгүй авсан бол амьд үлдэх боломжтой байсныг судалгаагаар тогтоосон байна.
Эмнэлгээс гадуурх сэргийлэх боломжтой нас баралтын 80 хувийг осол гэмтэл, хордлого, зүрхний шигдээс, харвалт гэсэн шалтгаанууд эзэлж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй, тоног төхөөрөмж дутагдалтай, эмч ажилчдын цалин хөлсний хангалтгүй байдал гээд олон асуудал уг салбарт тулгардаг. Тухайлбал иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд удаан хугацаанд хүлээдэг тул эрүүл мэндээрээ хохироход хүрч байна.
Эрүүл мэндийн салбарын хүндхэн нөхцөл байдал орон нутагт ч мөн адил тулгарч байгаа бөгөөд тэдний зүгээс санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Ингэснээр хүний нөөц, тоног төхөөрөмж цаашлаад эмнэлгийн чанар ч сайжирна гэв.
Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 67 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд 16 мянга гаруй нь их эмч, 15 мянга гаруй нь сувилагч, 1170 гаруй нь эх баригч, 1700 бага эмч болон бусад мэргэжилтэн байгаа юм. Тэгвэл өнөөдөр болсон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр эмч, ажилчдын цалин болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлнэ гэдгийг салбарын удирдлагууд хэлж байна.
Мөн ирэх 2 жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл Монгол орон даяар хэрэгжиж эхлэх юм. Ингэхдээ түргэн тусламж, эрчимт эмчилгээ, үйлчилгээний чадамж бэхжиж, сэргийлж болох нас баралтыг бууруулах тогтолцоо бүрдэх юм байна.