Нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй Туулын хурдны замыг 2027 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар нийслэлээс хэрэгжүүлж буй "Туулын хурдны зам" төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний оролцогч иргэд, НЗДТГ-ын төлөөлөл болон УИХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл оролцож, тус тусын байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэг ямар нэгэн шийдэлд хүрэлгүйгээр өндөрлөсөн ч нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар тус төслийг зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтаа хэвээр байгаагаа мэдэгдсэн байна.

Туулын хурдны замын төсөл анх 2008 онд судлагдаж эхэлсэн бөгөөд нийслэлийн замын ачааллыг бууруулах зорилготойгоор төлөвлөгджээ. Улмаар 2013 оны 8-р сарын 23-нд уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг баталсан. Үүний дараа 2014 онд төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төсөл боловсруулагдсан бөгөөд тухайн үед 4 эгнээтэй, 34 км далан бүхий авто зам, 4.36 км гүүрэн байгууламжтай, нийт 36 км урт зам барихаар төлөвлөж байжээ. Харин сүүлийн жилүүдэд төслийг дахин идэвхжүүлж, 2024 онд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд улсын их хурлын 5 тогтоол, засгийн газрын 4 тогтоол батлагдсан байна. Ийнхүү олон жилийн турш яригдсан Туулын хурдны замын төслийг шинэчилсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн автомашины тоо 2026 онд 804 мянгад хүрч, өдөрт 2.4 сая зорчилт хийж байгаа нь замын ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Иймд төслийн зураг төслийг шинэчлэх шаардлага үүсэж, 2025 онд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, зам, тээврийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталсан. Ингэснээр Туулын хурдны замын нийт төсвийн өртөг 2.3 их наяд төгрөгөөр батлагдан, 2027 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Гэвч Туулын хурдны замын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бүрэн биш, туул голын сав газрын усны нөөцөд үзүүлэх нөлөөллийн талаар усны байгууллагуудын дүгнэлт хангалттай биш байгааг судлаачид хэлж байна. Үүнээс гадна төслийн техник, эдийн засгийн үндэслэл шинэчлэгдсэн эсэх, мөн уг зам нь нийслэлийн түгжрэлийг бодитоор бууруулах эсэх талаар илүү тодорхой судалгаа, тооцоо шаардлагатайг онцолсон юм.

Туулын хурдны зам нь нийслэлийн томоохон бүтээн байгуулалт бөгөөд хотын түгжрэлийг бууруулж, Улаанбаатарын хөгжлийг дэмжих чухал төсөл гэдгийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолж байна. Түүнчлэн туул голын орчимд байрлах тансаг зэрэглэлийн хотхонуудын ашиг сонирхол төслийг эсэргүүцэх шалтгаан болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр уг хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл ойролцоогоор 50 хувь буурах боломжтой гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлгийн үеэр Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчны үнэлгээ, усны нөөцийн судалгаа, санхүүжилтийн ил тод байдлыг илүү тодорхой болгох шаардлагатай байна.