Сургуулийн амралтаар хүүхдүүдийн гар утас, цахим хэрэглээ нэмэгдэж, үүнийг дагаад цахим гэмт хэрэг, залилангийн эрсдэл ч огцом өсдөг байна

Энэ долоо хоногоос ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж байгаа бөгөөд үргэлжлэн улирлын амралт эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор хичээл сургууль амрах үеэр хүүхдүүдийн гар утас, цахим хэрэглээ эрс нэмэгдэж, үүнийг дагаад цахим гэмт хэрэг, залилангийн эрсдэл ч огцом өсдөг байна. Амралтын энэ хугацаанд хүүхдүүд өөрсдөө мэдэлгүйгээр гэмт хэргийн хамсаатан болох, цаашлаад санхүү болон сэтгэл зүйн хохирол амсах ноцтой тохиолдлууд ч гардаг тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн гар утас, цахим хэрэглээ эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрсдэлүүд дагаж өсөх хандлагатай байна. Олон улсын зөвлөмжөөр 0–2 насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээг аль болох хориглох, 2–5 насанд өдөрт 1 цагаас хэтрүүлэхгүй байх, , өсвөр 1–2 цаг цагаас илүүгүй байхаар зохицуулах нь зүйтэй гэж үздэг. Ингэхдээ зөвхөн хугацааг хязгаарлахаас гадна хэрэглэж буй контентын чанарт анхаарах нь чухал гэдгийг сануулж байна. Гэвч хичээл, сургууль амарсантай холбоотойгоор харгалзах хүнгүй гэртээ байгаа  хүүхдүүд гар утсаараа цахим хичээл хийх мөн онлайн орчинд найз нөхөдтэйгөө ярилцах, тоглох зэргээр өдөрт 3-4 цаг утсаа ашгилдаг байна.

2026 оны эхний хоёр сарын байдлаар хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд эзэлж байна. Мөн хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилагч этгээдийн бай болох эрсдэл нэмэгдэж, цахим орчинд байршуулсан зураг, бичлэгийг нь хууль бусаар ашиглах, садар самуунд уруу татах, дарамт шахалт үзүүлэх, улмаар залилангийн гэмт хэрэгт татан оролцуулах зэрэг ноцтой зөрчлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Иймд хүүхэд, багачууд цахим орчинд болгоомжтой, хариуцлагатай хандаж, хувийн мэдээлэл, зураг, бичлэгээ хамгаалах, танихгүй этгээдтэй харилцахаас зайлсхийх нь нэн чухал юм. Сэжигтэй холбоос нээхгүй байх, үл таних эх сурвалжаас ирсэн мэдээлэлд итгэхгүй байх зэрэг энгийн дадал нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн гар утас, цахим хэрэглээнд тогтмол хяналт тавьж, зөв хэрэглээний талаар зөвлөж, харилцан ойлголцолд тулгуурласан орчныг бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр хүүхдийг цахим орчны эрсдэл, гэмт хэргээс хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах боломжтойг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.