Даваа гарагт ОХУ-ын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц АНУ-ын хоригийн улмаас эрчим хүчний гүн хямралд өртсөн Куба улсад хүрэлцэн очжээ. Энэ нь АНУ-ын засгийн газрын зөвшөөрөлтэй хүмүүнлэгийн тусламж юм гэж Тасс агентлаг мэдээллээ.
Карибын тэнгисийн Куба улс АНУ-ын шахалт, хориг арга хэмжээний улмаас түлш, шатахууны хомсдолд нэрвэгдээд байна. Тус улсын хуучирч муудсан цахилгаан станцууд нь шатахуунаар ажилладаг төдийгүй сүүлийн хэдэн арван жилийн турш эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулаагүйнхээ горыг өдгөө амсаж байгаа ажээ.
Тэгвэл энэ хямралын хүнд үед ОХУ-ын 100 мянган тонн түүхий тос тээвэрлэсэн хөлөг онгоц Кубын эрэгт газардсан бөгөөд энэ нь арлын улсын нэг сарын газрын тосны хэрэглээг хангахуйц хэмжээ гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Кубын газрын тосны нийлүүлэлтийг хааж, хориг арга хэмжээгээ чангатгасаар ирсэн ч даваа гарагт тэрээр ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжийг бүс нутгийн усанд нэвтрэхийг зөвшөөрчээ. Тэрээр "Хэрэв аль нэг улс яг одоо Куба руу бага зэрэг газрын тос илгээхийг хүсэж байгаа бол надад татгалзах зүйл алга. Орос байна уу, өөр улс байна уу хамаагүй" гэж мэдэгдсэн байна.
Энэ талаар "Нью-Йорк Таймс" сонин Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй нөхцөл байдал Д.Трампын засаг захиргааны Кубын талаарх төлөвлөгөөг хойшлуулахад хүргэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Гэвч цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт "Хүмүүнлэгийн хэрэгцээг хангах үүднээс уг хөлөг онгоцыг нэвтрүүлсэн ч энэ нь АНУ-ын баримталж байгаа бодлого өөрчлөгдсөн гэсэн үг биш" хэмээн тайлбарлалаа. Мөн Доналд Трамп өөрийн шийдвэрүүдийг тухай бүрд нь нөхцөл байдлыг харж байж гаргаж байгаагаа хэлсэн байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд АНУ-ын засгийн газар Куба улсыг хөрш Венесуэл зэрэг орнуудаас газрын импортлохыг нь хааж боосноос болж тус улсад цахилгаан тогтмол тасалдаж, өдгөө зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа юм.