Хүн төрөлхтөн хагас зуун жилийн дараа сар руу дахин хөлгийн жолоо залахад бэлэн болжээ 

АНУ-ын сансар судлалын Наса Агентлаг хагас зуун жилийн дараа хүн төрөлхтнийг дахин сарны тойрог замд хүргэх "Артемис-2" түүхэн хөтөлбөрийг бодитоор биелүүлэхэд бэлэн болжээ. Өнгөрөгч даваа гарагт Наса агентлаг саранд хүрэх нислэгийн хөөрөх хугацааг тоолох тоолуурыг ажиллуулж эхэллээ. 

"Артемис-2" түүхэн хөтөлбөр хэрэгжсэнээр 1972 оны "Аполло-17" төслөөс хойш сар руу хүн илгээж байгаа анхны тохиолдол болох гэж байна. Space launch system пуужинг хөөргөх ажиллагаа ирэх лхагва гарагт АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвд болохоор товлогджээ. Наса агентлаг “Бэлтгэл ажил 100 хувь хангагдсан бөгөөд 4-р сарын 1-ний өдөр цаг агаар ч тааламжтай байх төлөвтэй байна” гэж мэдээллээ. Энэ удаагийн нислэгт сансрын дөрвөн нисгэгч багтжээ. Тэдний дунд сар руу аялах анхны эмэгтэй нисгэгч, анхны өнгөт арьст нисгэгч, анхны АНУ-ын бус иргэн багтсанаараа түүхэн онцгой үйл явдал болох гэж байна. 

4 нисгэгч  space launch system пуужингаар хөөрч дэлхийн тойрог замд нэг хоносныхоо дараа пуужингийн тээж байгаа орион хөлгөөр сарны тойрог замд хүрэх аяллаа эхлүүлэх юм байна. Энэ удаа сансрын нисгэгчид сарны гадаргуу дээр хөл тавихгүй, сарны тойрог замд хүрээд буцах ажээ. Нисгэгчид сарыг 10 хоногийн турш тойрч, хөлгийн системүүдийг туршсаныхаа дараа эх дэлхийдээ эргэн ирнэ. Энэхүү туршилт амжилттай болсноор дараагийн шатанд буюу 2020-иод оны сүүл гэхэд хүн төрөлхтөн сарны гадаргуу дээр дахин хөл тавих юм байна. 

Наса агентлагийн артемис хөтөлбөр нь зөвхөн саран дээр газардах бус, цаашлаад ангараг гараг руу хүн төрөлхтнийг илгээх агуу зорилгын эхлэл хэмээн онцлон мэдэгдлээ.