Сурагчдын амралтад зориулан улсын хүүхэлдэйн театр өдөрт 5 удаа жүжиг тоглож байна

Энэ өдрүүдэд сурагчдын бие даалтын 7 хоног, улирлын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор улсын хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа урын сангаасаа хэд хэдэн бүтээл толилуулж байгаа тул ойрын өдрүүдэд театрын орчимд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхдийг багаас нь урлаг соёлоор хөгжүүлэн хүмүүжүүлэх нь сүүлийн үед улам газар авч буй үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим донтолт зэрэг нийгмийн олон сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, зөв төлөвшил олгоход чухал ач холбогдолтой гэж сэтгэл зүйчид хэлдэг байна. 

1990-д оноос хойш хүүхдийн гэх үзвэр үйлчилгээний төв, ордон зэрэг нь өөр зориулалтаар ашиглагддаг болсон. Мөн хүүхдэд зориулсан сургалтууд өндөр төлбөртэй болсон тул хүүхэд бүр чөлөөт цагаа тэр бүх үр ашигтайгаар өнгөрүүлж чадахгүй байна. 2026 онд ерөнхий боловсролын 900 сургуульд 800 мянга орчим сурагч суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын долоо хоног эхэлсэнтэй холбогдуулан сурагчдад урлагийн боловсрол олгох зорилгоор улсын хүүхэлдэйн театрт өдөр бүр 5 удаа, хүүхэд багачуудын нас, онцлогт тохирсон  жүжгийг тоглож байна. Хүүхдүүд жүжиг үзсэнээр хүмүүжил, төлөвшил олж, аливаа буруу зүйлийг зөөлөн, ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрддэг тул тэдний сэтгэлзүй, мэдрэмжид эерэг нөлөө үзүүлдэг болохыг хүүхэлдэйн театрын жүжигчин онцолж байна.

Улсдаа тоотой хэдхэн үзвэрийн газрын нэг болох улсын хүүхэлдэйн театр сурагчдын амралтын эдгээр өдрүүдэд бяцхан үзэгчиддээ зориулан өдөрт 3-5 жүжиг тоголж байна. Бяцхан үзэгчдийн хувьд нэг удаа үзвэр үзээд зогсохгүй дахин үзэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэлсэнээр сурагчид сургуулиас гадуур өөр зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан үзвэр, танин мэдэхүйн үйл ажиллагаа ховор учраас хүүхдүүд ихэнхдээ гэртээ утас, тоглоомоор цаг өнгөрөөх нь элбэг. Тэгвэл хүүхдүүд хүүхэлдэйн театарт хүүхэлдэйн жүжиг үзсэнээр шинэхэн, сонирхолтой мэдрэмж авч, өмнө нь үзэж байгаагүй зүйлтэй танилцсан учраас дахин үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.