1-р сард гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулагдах ёстой ч хэрэг хянан шийдвэрлэх процессыг нь зохицуулах хууль УИХ дээр гацжээ

Манай улсад гэмт хэрэг үйлдсэн хүүхэд насанд хүрэгчтэй ижил процессын дагуу шүүгдэж байгаа нь эргээд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, насанд хүрсэн ч дахин гэмт хэрэгт холбогдох эрсдэл бий болгосоор байна. Тиймээс хүүхдийн онцлогт тохирсон хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, дагнасан шүүх байгуулах мөн аливаа хүүхдийн холбогдолтой хэргийн талаар мэдээлэхдээ ёс зүйтэй байхыг уриалж, салбар салбарын мэргэжилтнүүд өнөөдөр дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай улс энэ оны 1-р сар гэхэд гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхтэй болох ёстой байв. Шүүх байгуулах тухай хууль аль 2024 оны 6-р сард батлагдсан ч, хэргийг хэрхэн хянан шийдвэрлэх процессыг зохицуулах төрөлжсөн хуулийн төсөл өнөөдөр УИХ дээр гацаад байна. Тэгвэл хүүхдийн хэргийг ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлэх нь тэдний сэтгэл зүйн онцлогийг орхигдуулж, хэргийн бодит үнэнийг тогтооход хүндрэл учруулдаг. Харин дагнасан шүүх нь хүүхдийг гэмт хэрэгтэн гэж харахаас илүүтэй, яагаад ийм зам руу орсон шалтгааныг нь оношилж, засан хүмүүжүүлэхэд чиглэх ёстой юм байна.

Хүүхэд холбогдсон нийт гэмт хэргийн 65 хувь нь хулгай, дээрэм  байгаа бол 20 хувь нь зодоон, танхай, 10 хувь нь цахим орчинд залилах, доромжлох харин 5 хувь нь бусад гэмт хэрэгт холбогдсон тохиолдол байна. Тус онд л гэхэд 209 өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдож 45-49% нь шүүхээр хорих ялаар шийтгэгджээ. 

Ял шийтгэл эдэлж буй хүүхдүүдийн 90 гаруй хувь нь хагас өнчин эсвэл бүтэн өнчин, эцэг эхийн хараа хяналт сул орчинд өссөн байдаг бөгөөд тэднийг эргэж очих ч хүн үгүй байна.

Олон улсад гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн тогтолцоо аль хэдийн бий болсон тул сайн туршлагуудыг дагнасан шүүхэд нэвтрүүлэх юм байна.

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг яаралтай ажиллуулж, хуулийн гацааг арилгах нь ирээдүй хойч үеэ гэмт хэргийн замаас аврах, хүний эрхийг хамгаалах төрийн хамгийн том хөрөнгө оруулалт болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна.