Туул гол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км урсаж, 7 дүүргийг дайран өнгөрдөг. Яг энэ чиглэлд буюу Төв аймгийн Лүн сум хүртэл үргэлжлэх туул голын 20 км орчим хэсэгт их хэмжээний зузаан лаг хуримтлагдан хүн, мал, ан амьтан ундаалах боломжгүй болсон төдийгүй байгалийн жамаар ч цэвэрших боломжгүй болжээ. Учир нь нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн ачаалал хэрээс хэтэрснээр цэвэршүүлж чадаагүй лаг 20-40 см зузаантай болон улам хуримтлагдсаар байна.
Туул гол Хэнтийн нуруунаас эх авч 882 км урсдаг байна. 2024 онд туул голын 10 цэгт хэмжилт хийж судалж үзэхэд сонгинын амралтын доод хэсгээс доош маш өндөр бохирдолтой гэж гарчээ 1964 онд Улаанбаатар хотод хоногт 160-180 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан. Харамсалтай нь энэ байгууламж өнөөг хүртэл шинэчлэгдээгүйгээс туул гол ихээхэн бохирдолтой болж өнөөдрийн нөхцөл байдал бий болжээ
Төв цэвэрлэх байгууламжийн саарал ус туул голд нийлснээр Алтанбулаг хүртэлх 21 км орчимд 20–40 см зузаан лаг хуримтлагдсан байна. Үүнээс доош, Лүн сум хүртэлх хэсэгт ойролцоогоор 5 см зузаан лаг тогтжээ. Тодруулбал, төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлсэн саарал усны тодорхой хэсгийг туул гол руу цутгадаг. Үүнээс шалтгаалан туул голын лаг, хагшаас жилээс жилд нэмэгдэж, байгалийн жамаар өөрийгөө цэвэршүүлэх чадвар нь буурч байгааг усны инженер онцолж байна. Сүүлийн үеийн судалгаагаар зарим үед бохирдол урссаар Орхон, Туул голын бэлчир хүртэл хүрч байгааг тогтоожээ. Түүнчлэн өмнө нь ухаж ашиглаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон хайрганы карьеруудын улмаас нөхцөл байдал улам хүндэрч, голын урсгалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Туулын хурдны зам барих гэж бургас устгаж байна” гэх асуудал цахим орчинд яригдаж, туул голоо хамгаалъя гэсэн иргэд олноор гарч ирсэн. Гэвч тэдгээр хүмүүс туул гол руу өдөр бүр олон тонн бохир ус цутгаж байгаа ноцтой асуудалд яагаад төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна хэмээн усны инженер онцоллоо.