Ираны дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдыг "Аюулгүйн хөрөнгө" буюу алт руу хөтөлж байна. Газрын тосны эрэлт өссөний дараа алтны ханш 3-р сард 10 өдөр дараалан унасан ч жилийн эцэс гэхэд нэг унц алтны ханш 5400 ам.долларт хүрэх төлөвтэй байгааг судлаачид мэдэгджээ.
Алтны үнэ 10 өдөр дараалан унасны эцэст 3 дугаар сарын 25-аас эргэн сэргэж эхэлсэн байна. Ойрх дорнод дахь мөргөлдөөн намжих шинж тэмдэг илэрч, АНУ-ын Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэл дайн удахгүй дуусахыг хөрөнгө оруулагчдад дуулгасан гэж Өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан алтны ханш сүүлийн 4 өдөр дараалан өсөж, нэг унц алтны ханш 4700 ам.доллароор арилжаалагдаж байна. Гэхдээ өнгөрсөн 3-р сард алтны ханш тааруу, сарын дүнгээр 13 хувиар унасан нь 2008 оноос хойших хамгийн том уналт болжээ. 2026 оны 1-р сард нэг унц алтны ханш 5500 ам.долларыг давж дээд үзүүлэлтдээ хүрсэн ч 3-р сард Ойрх дорнодын мөргөлдөөн газрын тосыг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд оруулсан юм.
Дэлхийн санхүүгийн томоохон институци болох Goldman Sachs Group-ийн шинжээчид 2026 онд алтны ханш үргэлжлэн өснө гэж төсөөлж байна. Төв банкнуудын худалдан авалт, АНУ-ын мөнгөний бодлого нь алтны ханшийн дунд хугацааны өсөлтийг дэмжинэ гэж үзжээ. Дэлхийн улс орнуудын төв банкнууд алтны нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаа нь зах зээлд хүчтэй эрэлт бий болгож байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд багтаж бодлогын хүүгээ дахин хоёр удаа бууруулах хүлээлттэй байгаа нь алтны үнэ цэнийг өсгөх суурь нөхцөл болж байна.
Хэдийгээр ойрын хугацаанд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан алтны ханш тодорхой хэмжээгээр унаад байгаа ч уг "Уналтыг" шинжээчид түр зуурын шинжтэй гэж тодорхойлжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ бууралт нь урт хугацааны ашиг хүртэх таатай боломж байж болохыг Goldman Sachs Group-ийн шинжээчид тайлбарлaжээ.