Ираны дайн эхэлснээс хойш Дубай болон Абу Дабигийн хөрөнгийн биржийн үнэлгээ 120 тэрбум ам.доллароор буурчээ

Ираны дайны улмаас Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай болон Абу Дабигийн хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 120 тэрбум ам.доллар арчигджээ. Мөргөлдөөн эхэлснээс хойш Дубайн хөрөнгийн бирж 16 хувиар унаж, 45 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бол Абу Дабигийн бирж 9 хувиар буурч, 75 тэрбум ам.долларын үнэлгээгээ алдсан байна.

Ираны пуужингийн цохилтууд Дубайн олон улсын нисэх онгоцны буудал болон бусад стратегийн объектуудыг онилсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсан гэж шинжээчид үзэж байна. Дайны улмаас 18 мянга гаруй нислэг цуцлагдсан нь тус улсын ДНБ-ий 13 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг зогсонги байдалд оруулжээ.

Зах зээлийн бүрэн сүйрлээс сэргийлэхийн тулд Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчид 3-р сарын эхээр биржийн арилжаагаа түр хугацаанд зогсоож үзсэн юм. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид "Эрсдэлийн сан"-гуудаа татаж, тус улсын томоохон компаниудын хувьцааг зарснаар уналт улам эрчимжсэн байна. Тухайлбал Дубайн эдийн засгийн багана болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон тоглогч “Emaar Properties” компанийн хувьцаа хамгийн их буюу 20 гаруй хувиар буурчээ.

Арабын Нэгдсэн Эмират улс дэлхийн хэмжээнд хамгийн их хохирол амссан зах зээлүүдийн нэг болсон ч хөрш зэргэлдээ Саудын Араб болон Оман улсын хөрөнгийн биржүүд энэ хугацаанд эсрэгээрээ өсөлттэй байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хуваагдмал байдлыг харуулж байна гэж шинжээчид хэлж байна.