ХХОАТ-ыг 1 хувь болгох санал өгсөн 100 гаруй мянган иргэний 85 хувь нь 18-40 насныхан байна

Иргэд цалингийнхаа 20 гаруй хувийг татварт суутгуулдаг нь угийн амьдралд нь хүрэлцдэггүй бага цалингаас гар дээр ирэх хэмжээг багасгаж байгаа нь эдийн засгийн хямралтай энэ цаг үед иргэдэд ихээхэн дарамт болж байгаа юм. Хувь хүний орлогын татварын 10 хувийг 1 хувь болгож бууруулах нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж, дэмжсэн юм. Тиймээс хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уих-аар хэлэлцүүлж, батлуулах хүлээлттэй байгаа юм.

  • Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар нэг ажилтанд ногдох голч цалин 2 сая 480 мянган төгрөг байна. Үүнээс 10 хувийг нь хувь хүний орлогын албан татварт, 11.5 хувийг нийгмийн даатгалд суутгуулдаг. Ингэснээр гар дээр 1 сая 980 орчим төгрөг ирнэ гэсэн үг.
  • Тэгвэл хувь хүний орлогын албан татвар 1 хувь болсноор гар дээр авах цалин 2 сая 170 мянга төгрөг болох боломжтой юм байна.
  • Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж дэмжсэнээс 85 хувь нь 18-40 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан байгаа юм. Мөн нийт дэмжигсдийн 62 хувь нь нийслэл Улаанбаатар хотын иргэд байна.
  • Хэдийгээр хувь хүний орлогын албан татварын хэмжээ буурвал иргэдийн орлого нэмэгдэх ч гэлээ нөгөө талаас улсын төсвийн орлого танагдах магадлалтай. Энэ оны 2-р сарын байдлаар л гэхэд татварын нийт орлогын 34 хувийг орлогын албан татвар бүрдүүлжээ. Харин орлогын албан татварын 65 хувийг аж ахуй нэгжийн орлогын албан татвар, харин 35 хувийг хувь хүний орлогын албан татвар бүрдүүлсэн байна.

Хөдөлмөр эрхэлж буй иргэн сар бүрийн цалингийн 20 гаруй хувийг татварт суутгуулдаг бөгөөд орлого их байх тусам татварын хэмжээ нэмэгддэг. Улмаар гар дээр ирж буй цалингийн хэмжээ амьдралд хүрэлцээгүй цаашлаад сар бүр төлдөг татварынхаа хариуд хангалттай үр ашиг хүртдэггүй гэж иргэд үзэж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчийн зүгээс нийтийн өргөдлийн цахим системд өнгөрсөн оны 3-р сард хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдлийг байршуулж, 30 хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж, дэмжсэн юм. Үүнтэй холбоотойгоор хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Манай улсын татварын хувь хэмжээ бусад улс оронтой харьцуулахад харьцангуй бага байдаг байна. Гэсэн хэдий ч өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд суутгасан татварынхаа хэмжээгээр иргэдийнхээ амьдралын түвшнийг сайжруулж чаддаг. Харин манай улсын хувьд иргэдийн орлогын түвшний өсөлт удаашралтай, цаашлаад амьдарч буй орчин, нөхцөл тааруу тул уг хуулийн төсөл батлагдвал иргэдийн бодит орлого нэмэгдэх боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэвч манай улсын татварын суурь систем учир дутагдалтай, цаашлаад төсвийн орлогыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр нь хувь хүний орлогын албан татвар учир танагдах боломжтой гэдгийг эдийн засагчид онцоллоо. 

Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан хэдий ч жил орчим хугацааны дараа хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Манай улсын хувьд нийт 30 төрлийн татвар, төлбөр, хураамжтай бөгөөд 13 нь албан татвар буюу орлого, хөрөнгө, хэрэглээнд ногдуулж суутган улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байна.