Өнгөрсөн онд улсын хэмжээнд ой, хээрийн түймэрт нийтдээ 1 сая орчим га талбай шатжээ. Энэ нь сүүлийн жилүүдийн дунджаас өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Түймэрт өртсөн талбайн дийлэнх хувийг хээрийн бүсийн бэлчээр эзэлж байгаа бол ойн сан бүхий газар мөн тодорхой хэмжээгээр хохирол амсжээ. Ой, хээрийн түймрийн дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Иргэд ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ бүрэн унтраахгүй хаях, уусан архины шилээ ил задгай орхих зэрэг нь гал түймэр гарах гол шалтгаан болдог тул салхи шуурга ихэсдэг энэ цаг үед иргэд сэрэмжтэй байхыг НОБГ–аас анхааруулж байна.
Өнгөрсөн 2025 онд улсын хэмжээнд 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт, нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 946 мянган га талбай өртжээ. Харин ой, хээрийн гал түймрийн улмаас 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 9980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, урьдчилсан байдлаар 370 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ он гарснаас хойш нийт 8 аймгийн 18 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж нийт 21 мянга га талбай өртсөн байна. Харин нийслэлд хог болон шар өвс шатааснаас үүдэлтэй галын дуудлага ихсэх хандлагатай байна. Тиймээс иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд галын аюулгүй байдлыг онцгойлон хангахыг анхааруулж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, ногоон бүс, зуслангийн чиглэлд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлжээ тус алба хаагчид 31 чиглэлд ой хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.