Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Туулын хурдны зам төслийн талаар гишүүдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, хотын баруун зүүн чиглэлийн хөдөлгөөнийг шуурхай болгох зорилготой томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтад тооцогдож байгаа юм. Гэвч төслийн хэрэгжилттэй холбоотойгоор байгаль орчны асуудал маргаан дагуулсаар байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр зодоон, маргаанаар эхэллээ. Угтаа хэлэлцэх асуудал нь Туулын хурдны зам боловч гишүүдийн дунд өрнөсөн хэлэлцүүлэг ширүүн дайралт руу шилжсэн юм. Тэгвэл энэ асуудал Туулын голын дагуу хурдны зам барихын тулд голын эргийн бургас, улиас зэргийг их хэмжээгээр тайрснаас үүдэлтэй. Үүнийг эхлээд иргэд эсэргүүцэн жагсаж байсан бол ийнхүү өнөөдөр Төрийн ордонд нийслэлийн асуудлыг авч хэлэлцэх дээрээ тулаад байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлд багтсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд дурдсанаар, замын трассын бүсэд хамаарах ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй бургас, улиас моддыг тайрах буюу шилжүүлэх шаардлага үүссэн байна.
Харин зарим гишүүд нийслэлийн асуудлыг хэт улс төржүүлж байна гэж үзэн, Туулын хурдны замын маргаан нь замдаа ч, бургасандаа ч биш гэж харж байгаагаа илэрхийлсэн юм.
Нийслэл Туулын хурдны замын бүтээн байгуулалтын гэрээ хэлцэл аль хэдийн хийгдсэн тул төслийг цуцалбал нийслэл санхүүгийн их хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Угтаа Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зам, дэд бүтцийн ажил нь нийслэлийн мэдэлд бүрэн байдаг. Гэвч ийнхүү УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн Туулын хурдны замын маргаан нь эцэстээ улс төрийн хүрээнд орж, гишүүд нийслэлийн удирдлагуудын дундах ширүүн маргаанаар үргэлжилсэн ч шийдэлд хүрэлгүй өндөрлөлөө.