Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран дахь дайны үр дүн, хэтийн төлөвийн талаар ард түмэндээ илтгэл тавилаа. Энэ үеэр тэр АНУ-ын арми “Ялалт байгуулахад ойрхон” байгаа ч ажлаа дуусгахын тулд ирэх 2-оос 3 долоо хоногийн хугацаанд Ираны газар нутагт “Маш хүчтэй” агаарын цохилт өгөх хэрэгтэйг онцлон мэдэгдлээ. Ираны пуужингийн болон цөмийн хүчин чадал, нөөцийг устгах зорилготой "Epic fury" ажиллагаа эхэлснээс хойш 32 хоногийн дараа Доналд Трамп нийтэд хандан дайны үйл явцын талаар тайлбар өгч байна. Доналд Трамп Ираны удирдлагуудын ихэнх нь, тэр дундаа дээд удирдагч Аятолла Али Хамени дайны эхний өдөр амь үрэгдсэн бөгөөд тус улсад хэдийн "Дэглэм солигдсон" гэж хэллээ. Ялалт ойрхон байгаа ч ажлаа "Дуусгахын тулд" дахин 2-оос 3 долоо хоног маш хүчтэй цохилт өгөхөө тэрээр амласан байна.
Д.Трамп АНУ-ын даалгавар маш чухал бөгөөд анх төлөвлөсөн зорилгодоо хүрч байгааг дурдлаа. Тэрээр "Өнөөдөр би epic fury' ажиллагаа яагаад америкийн аюулгүй байдал болон чөлөөт ертөнцийн амар амгаланд зайлшгүй шаардлагатай байгааг хэлэлцэхийг хүсэж байна. Би энэхүү ажиллагааг зарлахдаа хэлж байсанчлан, бидний зорилго маш энгийн бас тодорхой. Бид тус дэглэмийн Америкт заналхийлэх болон хилийн гадна хүчээ үзүүлэх чадварыг системтэйгээр устгаж байна. Эдгээр стратегийн үндсэн зорилтууд биелэхэд ойрхон байгааг дуулгахад таатай байна" гэж хэллээ.
Үргэлжлүүлэн Доналд Трамп "Бид ирэх хоёроос гурван долоо хоногт тэдэнд маш хүчтэй цохилт өгөх болно. Бид тэднийг байх ёстой газар нь буюу чулуун зэвсгийн үе рүү нь буцаах болно" гэж мэдэгдлээ. Түүнчлэн Вашингтон болон Тегераны хооронд хэлэлцээ үргэлжилж байгааг дурдсан ч "Дэглэмийг солих" нь түүний зорилго биш гэдгийг онцолсон байна. Ираны дайн эхэлснээс хойш Ройтерс зэрэг агентлагийн явуулсан санал асуулгаар Трампын Рейтинг 35 хувь болж буурсан байна. Америкчуудын ердөө 34 хувь нь Иранд цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг дэмжиж байгаа бол 60 хувь нь эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Трамп шатахууны үнэ өссөн шалтгааныг Ираны тал газрын тосны тээвэрлэгч хөлөг онгоцнууд руу дайрсантай холбон тайлбарлаж, Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахыг холбоотнууддаа уриаллаа. Дайн дууссаны дараа Ормузын хоолойн хяналт суларч, цаг хугацааны эрхээр аяндаа нээгдэхийг тэрээр мэдэгдэлдээ дурдсан байна.