Индонез улсын Засгийн газар хувийн хэвшлийн компаниудад зайнаас ажиллахыг уриалжээ

Лхагва гарагт Индонезийн Засгийн газраас дотооддоо шатахууны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Уг төлөвлөгөөний хүрээнд тус улсын Засгийн газар төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах болон бусад өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Индонезийн эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд "Зайнаас ажиллах уг схемийн дагуу бид засаглалыг дижитал ажлын байранд тохируулан өөрчилж, үр ашигтай хөдөлгөөнийг дэмжинэ. Нийтийн тээврийн хэрэглээг сурталчлахын зэрэгцээ албаны автомашины ашиглалтыг 50 хувиар бууруулна" хэмээн мэдэгдлээ. Гэхдээ үүнд шуурхай албаны болон цахилгаан автомашинууд хамаарахгүй болохыг Индонезийн Засгийн газрын тайлбарт онцолжээ. Тэгвэл Индонезийн төрийн албан хаагчид ирэх хоёр сарын хугацаанд баасан гараг бүр гэрээсээ ажиллах бөгөөд энэ зохицуулалтыг лхагва гарагт баталжээ. 

Харин Индонезийн эрх баригчид газрын тосны эрэлт нэмэгдэж, шатахуун, түлшний үнэ хөөрөгдөж байгаа цаг үед хувийн хэвшлийн компаниудыг ажилтнуудаа зайнаас ажиллах боломжоор хангахыг уриаллаа. Мөн Индонез улс Засгийн газрын гол бодлого болох сургуулийн үнэ төлбөргүй хоолны хөтөлбөрийг танаж байна. Хоолны түгээлтийг долоо хоногийн 6 өдөр байсныг 5 өдөр болгон цөөлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Индонезийн Засгийн газрын жилийн нийт зардлын бараг 9 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн тус улсын Засгийн газраас хөнгөлөлттэй үнэтэй шатахууны худалдан авалтыг нэг автомашинд өдөрт 50 литрээр хязгаарлаж байгаа ч үүнд нийтийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй байна. Индонез улс төрийн өмчит газрын тосны компанидаа татаас өгөх замаар шатахууны үнийг удаан хугацаанд барьж ирсэн. Гэвч олон улсын зах зээл дээр түүхий газрын тосны үнэ өсөж байгаа тул энэхүү арга хэмжээ нь төсвийнх нь дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Индонез улсад шатахууны үнийг чөлөөлөх гэж хэдэн удаа оролдсон ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсны дараа татаас өгөхөөс өөр аргагүй байдалд хүрчээ.