Монгол улсын шүүх засаглал, тэр дундаа анхан шатны шүүхүүд өөрийн гэсэн стандартын шаардлага хангасан байргүйгээс иргэдийн эрхээ хамгаалуулах үйл явц удааширч, шүүгч, өмгөөлөгчдийн ажиллах орчин хүндэрсээр байна. Тухайлбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх л гэхэд 16 хурлын танхимтай ч нэг нь ч стандартын шаардлага хангаагүй байна. Мөн шүүхийн 3-р байр нь орон сууцны нэгдүгээр давхрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүхийн байрны нийтлэг шаардлагад “Шүүх хуралдааны танхим 40-60 мкв байна” гэж заажээ. Гэвч бодит байдалд нийслэлийн хүн ам ихтэй 3 дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ үзүүлдэг энэ байгууллага нийт 16 хурлын танхимтай ч ердөө 3 танхим нь л 40-өөс дээш мкв байгаа юм. Харин үлдсэн бүх танхим 30 мкв-аас жижиг буюу нийтийн байрны нэг өрөөтэй дүйцэхүйц орон зайд шүүх засаглал шударга ёсыг тогтоохоор хэдэн цагийн турш хуралдаж байна.
Асуудал зөвхөн 12-хон метр квадрат шүүх танхимаар хязгаарлагдахгүй. Шүүгч, шүүгчийн туслах, болон бусад ажилтнууд өнөөдөр өлгүүрийн зориулалттай өрөөг тохижуулж, коридорт хаалт босгож ажлын байр болгон ашиглаж байна. Хэдэн мянган хуудас бүхий хавтаст хэргүүд өрөөндөө багтахгүй болж, ажилтнууд нь хөл тавих зайгүй орчинд өдөрт 10-12 цаг сууж байгаа юм. БЗД, СБД, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь 4 байртай. Шүүхийн 1-р байр нь 1995 онд ашиглалтад орсон, конторын зориулалттай барилга. Тус барилгын подваль болон 1 давхарт шүүх хуралдааны 6 танхим байна. 2-р байр нь нийслэлийн өмчийн байр боловч нийт 650 мкв талбайд 50 орчим ажилтан ажиллаж, 5 хуралдааны танхим үйл ажиллагаа явуулж байна. Харин шүүхийн 3-р байр нь орон сууцын нэг давхрыг түрээсээр ашигладаг бөгөөд жилд 172 сая 800 мянган төгрөгийг түрээсийн зардалд зарцуулдаг байна. 320 мкв энэ байранд өдөрт дунджаар 200 орчим иргэн шүүхийн үйлчилгээ авдаг. Шүүхийн 4-р байр ч мөн түшээ дээд сургуулийн 2 давхрын 528 мкв талбайг түрээсэлдэг. Жилд 283 сая 543 мянган төгрөгийн түрээс төлдөг байна.
БЗД, СБД, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд одоогоор 4000 гаруй иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд нэг шүүгчид 200 давсан хэрэг ногдож байна. Гэвч танхимын хүрэлцээгүй байдлаас шүүх хурал хойшлох замаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширсаар байна.
Жил бүр шүүхийн багц хууль, шинэчлэлийн талаар ярьдаг ч шүүх засаглалын гэр болсон барилга байгууламж, танхимын стандартыг орхигдуулсаар ирсэн. Үүний цаана иргэдийн шударгаар шүүгдэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах эрх зөрчигдсөөр байна.