Өнөөдрөөс эхлэн манай улсын иргэд АНУ-ын B1,B2 буюу бизнес, аялал жуулчлалын ангиллын визний шаардлага хангасан тохиолдолд 15 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулж эхэлнэ. Уг асуудлыг төрийн тогтворгүй байдал, нийгэм, эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдээс үүдэлтэй гэж иргэд үзэж байгаа бол цаашид визийн бонд хөтөлбөрт багтахгүй байх боломжтой гэдгийг мэргэжилтэн онцоллоо. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.
---- Визийн бонд хөтөлбөрт саяхныг хүртэл голчлон Африк тивийн болон бусад улс орнууд багтдаг байсан. Харин өнгөрөгч 3-р сард АНУ-ын төрийн департмент манай улсыг визийн бонд хөтөлбөрт оруулснаа мэдээлсэн юм.
---- Тэгвэл тус хөтөлбөрт тухайн жилдээ буцах визтэй ч хугацаа хэтрүүлсэн, өндөр эрсдэлтэй буюу харлах магадлалтай орнуудыг багтаажээ. Тухайлбал 2023 онд АНУ руу манай улсын 10.600 иргэн зорчсон ч 400 нь буюу 3.8 орчим хувь нь визийн хугацаа хэтрүүлжээ.
---- Харин 2024 онд 13.600 иргэн зорчсоноос 370 нь буюу 2.8 орчим хувь нь визийн хугацаа хэтрүүлсэн байна.
---- Улмаар манай улсын хувьд визийн хугацаа хэтрүүлсэн хувиар 148 орноос 90-р байрт жагсаж байгаа юм.
АНУ-ын засаг захиргаанаас цагаачлалын урсгал болон гадаад улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлж буй тохиолдлыг хязгаарлахаар бодлогын хэмжээнд арга хэмжээ авч байгаа. Тухайлбал өнгөрөгч 1-р сард АНУ манай улсыг багтаасан 75 орны иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн. Мөн хугацаа хэтрүүлж үлдэх магадлалтай буюу өндөр эрсдэлтэй орнуудыг визийн бонд хөтөлбөрт багтаагаад байгаа. Тодруулбал өнөөдрөөс АНУ-ын B1,B2 ангиллын буюу бизнес, жуулчлалын визийн шаардлага хангасан Монгол улсын иргэд виз олгогдохоос өмнө 5-15 мянган ам.долларын барьцаа байршуулах визийн бонд хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Уг нөхцөл байдал нь төрийн тогтворгүй байдал болон нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой гэж иргэд болон мэргэжилтэн үзэж байна.
Манай улсыг өндөр эрсдэлтэй гэж үзэж буй улс дан ганц АНУ-аар тогтохгүй. Тухайлбал БНСУ-ын хил дээрээс буцаж, эрхээ ноцтойгоор зөрчүүлж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талдаа иргэдийн ухамсартай холбоотой бол нөгөөтээгүүр дэлхий дахинд өрнөж буй асуудлуудтай холбоотой юм байна. Тухайлбал өндөр хөгжил бүхий улс орнууд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа үндэслэн гадаад улсын иргэдийн урсгалыг хязгаарлах тохиолдлууд түгээмэл гарч байгаа гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа. Тэгвэл АНУ-ын визний бондод манай улс багтаад буй асуудлыг харьяа яамнаас шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд үр дүнд хүрнэ гэж хэллээ. Тодруулбал АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад захидал илгээсэн бөгөөд сүүлийн мэдээллээр тус улсын тамгын газрын даргад гардуулж өгсөн байна. Гэсэн хэдий ч манай улсын визийн хугацаа хэтрүүлсэн хувь бусад улс оронтой харьцуулахад дунджаас доогуур байгаа юм. Үүнээс үзвэл бидний гадаад харилцаа сайжрах бус саарч байна. Хэдийгээр иргэдийн ухамсаргүй үйлдлээс үүдэн олон улсад өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа ч эртнээс арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх боломжтой байжээ.