Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж, мэргэжлийн тусламж үзүүлснээр тухайн хүүхэд бие даан амьдрах бүрэн боломжтой

Өчигдөр буюу 4-р сарын 2-ны өдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” тохиож байна. Тэгвэл улсын хэмжээнд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хамрагдалт 93 хувьтай байдаг хэдий ч энгийн сургууль, цэцэрлэгийн дэмжлэг хангалтгүй нь судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл аутизмын хүрээний эмгэг нь хэл яриа, баригдмал сэтгэлгээ, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг бөгөөд эрт үед нь илрүүлж, мэргэжлийн тусламж, үйлчилгээг авснаар тухайн хүүхэд бие даан амьдрах бүрэн боломжтой болдог гэдгийг өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд хэллээ.

НҮБ-ын шийдвэрээр 2007 оноос хойш жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Энэ өдөр нь аутизмын хүрээний эмгэгтэй олон нийтэд таниулах, ойлгуулах болон ялгаварлан гадуурхалтыг бууруулах, тэдгээр хүмүүсийг дэмжихэд чиглэдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад тус өдрийг өргөн хүрээнд тэмдэглэж, төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор мэдлэг ойлголтыг таниулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хэрэгцээт мэдээллийг түгээх зорилготой өдөрлөг зохион байгуулагдлаа. 

Улсын хэмжээнд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хамрагдалт 93 хувь байгаа бөгөөд 76 хувь нь төрийн өмчит сургуульд суралцдаг байна. Гэсэн хэдий ч энгийн сургууль, цэцэрлэгийн орчинд дэмжлэг хангалтгүй буюу аутизмтай хүүхдэд чиглэсэн тусгайлсан боловсролын дэмжлэг хангалтгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн аутизмтай хүүхдийг сургах, боловсрол эзэмшихэд нь эцэг эхийн оролцоо нэн хэрэгцээтэй юм байна. Үүнээс гадна хүүхэд бүр харилцан адилгүй тул тохирсон арга барилаар, түвшинд нь тохируулах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. 

Аутизмын хүрээний эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлснээр тухайн хүүхэд бие даан амьдрах бүрэн боломжтой юм байна. Уг эмгэг нь ихэнх тохиолдолд 6 хүртэлх насанд оношлогдож байгаа нь шинж тэмдэг илүү тод илэрдэгтэй холбоотой. Тиймээс эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч, энэ төрлийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

Дэлхий дахинд аутизмтай хэдий ч амжилт гаргасан тохиолдлууд түгээмэл байдаг. Тухайлбал Альберт Эйнштэйн, Исак Ньютон, Леонардо Да Винчи, Моцарт гээд хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс олон. Иймд боловсролын орчин, гэр бүл цаашлаад нийгэмд эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах биш энгийнээр хүлээн авч, дэмжих хэрэгтэй юм байна.