Д.Трамп: Мягмар гаргийн 20 цаг гэхэд Ормузын хоолойг нээхгүй бол Ираны дэд бүтцийг там болгоно

Өнгөрсөн ням гарагт Улаан өндөгний баярын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны удирдлагуудад эцсийн сануулга өгч, ойрх дорнодын бүс нутаг дахь хурцадмал байдлыг оргилд нь хүргэлээ. Трамп “Ирэх мягмар гаргийн 20 цаг гэхэд Ормузын хоолойг нээхгүй бол Ираны дэд бүтцүүдийг там болгоно” гэж сүрдүүлсэн байна.

Ням гарагт ерөнхийлөгч Трамп өөрийн "Truth" цахим сүлжээн дэх хуудастаа “Хэрэв мягмар гарагт багтан тохиролцоонд хүрэхгүй бол Ираны цахилгаан станц, гүүрнүүд агаарын цохилтын бай болно” хэмээн анхаарууллаа. Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол Ираныг "Там" болгон хувиргана гэж анхааруулжээ. 

Өнгөрөгч баасан гарагт Ираны төв хэсэгт орших Исфахан мужийн дээгүүр нисэж байсан АНУ-ын F-15 сөнөөгч онгоц агаарын довтолгоонд хамгаалах системд оногдож, устсан байна. Энэ үеэр хоёр нисгэгч нь шүхрээр амжилттай газардсан ч өөр өөр байршилд буусан тул аврах ажиллагаанд хүндрэл учирчээ. Ослын дараа АНУ-ын зэвсэгт хүчин нэг нисгэгчийг нь богино хугацаанд Ираны газар нутгийн гүнээс аварч чадсан бол хоёр дахь нисгэгч нь 2000 метрийн өндөр Исфахан уулын хавцалд Ираны цэргийн алба хаагчдаас  нуугдаж, 48 цагийн турш зугтсаны дараа өнгөрөгч ням гарагт аврагдсан байна. Ийнхүү 2 нисгэгчээ аварч, эх оронд нь авчирсан үйл явдлыг Доналд Трамп "Улаан өндөгний баярын гайхамшиг" гэж тодорхойлжээ.

Ойрх дорнодод сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ огцом өсөж, АНУ-д нэг галлон бензиний үнэ 4 ам.доллар даваад байна. Ираны засгийн газраас “Хэрэв АНУ иргэний байгууламжууд руу нь халдвал хариуд нь бүс нутгийн эдийн засагт үхлийн цохилт өгөх болно” гэж мөн анхаарууллаа. Одоо дэлхий нийт маргааш дуусгавар  болох тэрхүү "Эцсийн хугацааг" түгшүүртэйгээр хүлээж байна.