“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

Өчигдөр нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн даамны холбоо хамтран  “Даам 2026” 100 буудалт даамны тэмцээнийг нийслэлийн төв талбайд анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин долоон насны ангиллаар оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд оролцогчдын 60 гаруй хувь нь хүүхэд, өсвөр насныхан байлаа.

Спорт бүр өөрийн онцлог давуу талтай байдаг. Үүний нэг болох даам нь оюуны спортын төрөлд багтдаг бөгөөд хүүхдийн сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээ, шийдвэр гаргах хурд, анхаарал төвлөрөлд эерэг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн даам тоглох явцад хүүхэд тэвчээртэй байх, аливааг урьдчилан төлөвлөх, сууж төвлөрч сурах дадалтай болж, өдөр тутмын амьдралд хэрэг болох олон чадварыг давхар эзэмшдэг байна.

Эцэг эхчүүдийн хувьд ийм төрлийн тэмцээн нь хүүхдийн хөгжлийг дэмжихээс гадна спортын соёлыг түгээх, хүүхдийг зөв орчинд төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн юм. Түүнчлэн хүүхдээ багаас нь утас, зурагт, таблет зэрэг дэлгэцийн хэрэглээ сошиал орчноос ангид байлгах хүүхдийн хүмүүжилд нэн чухал бөгөөд үүнийг зөвхөн үг хэлээр хэлэх биш өөрийн биеэр үлгэрлэж харуулах нь зүйтэй байна. 
Тус тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай ахмад хүртэл олон насны төлөөлөл оролцож байгаа нь онцлог юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд даамны спортоор хичээллэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, оюуны спортын сонирхол өргөжин тэлж байгааг тус тэмцээнд оролцож буй нас насны төлөөллүүд онцоллоо. Мөн тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, өсвөр насныхан бол 40 хувь нь насанд хүрэгчид байгаа нь бүх үеийнхний оролцоог хангаж чадсаныг илтгэж байна. Энэхүү тэмцээн нь залуучууд, насанд хүрэгчдийн ур чадварыг ахиулах, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.