Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улам өсөж, иргэдийн худалдан авах чадвар саарчээ. Өнөөдрийн байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд мах болон хүнсний ногооны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тэгвэл жилийн энэ үед эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ 7-р сар хүртэл өсдөг хандлага ажиглагддаг ч энэ жилийн хувьд үнийн өсөлтийн хурд эрчимжиж, цаашлаад инфляцад томоохон дарамт үзүүлэх эрсдэлтэй байгааг мэргэжилтэн хэлж байна.
Зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгджээ. Тухайлбал иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд үхрийн мах цул мах 1 кг нь 33 мянган төгрөг, хонины цул мах 1 кг нь 25 мянгаар төгрөг байгаа бол төмс 1 кг нь 3 мянган төгрөг, лууван 4 мянган төгрөг, сонгино 5 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн жижиглэнгийн цагаан будаа 1 кг нь 4-6 мянган төгрөг, цагаан гурил 2600-3800 төгрөг бол хамгийн хямд ургамлын тос 7500 төгрөг байгаа юм. Тэгвэл иргэдийн зүгээс хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаагаас жижиглэнгээр эсвэл ширхгээр авахаас өөр аргагүй байгааг хэллээ.
Тэгвэл хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэхдээ мах болон хүнсний ногооны үнэ голлон нөлөөлсөн буюу өнгөрсөн оны мөн үеэс төмс 82 хувиар, өргөст хэмх 50 хувиар, үхрийн мах 31 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Цаашид өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт хадгалагдах эрсдэлтэй байгаа бөгөөд инфляц нэмэгдэхэд томоохон нөлөөллийг бий болгоно гэж мэргэжилтэн үзэж байна. Хэдийгээр төв банкнаас инфляцыг тогтворжуулах бодлогыг баримталж байгаа ч гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдэн инфляц огцом нэмэгдэх нөхцөл байдал нүүрлээд байна.