Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Дагестаны Бүгд Найрамдах улсад түүхэнд байгаагүй их хэмжээний хур тунадас орсны улмаас гэнэтийн үер бууж, 5 хүн амиа алджээ. Орон нутгийн засаг захиргаа 5 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн төдийгүй иргэний дэд бүтцэд үлэмж хэмжээний хохирол учирсан гэж мэдэгдлээ.
Дагестаны бүс нутагт сүүлийн зуун жилд тохиолдоогүй байгалийн гамшиг нь дэд бүтцэд томоохон хохирол учруулж, нийслэл Махачкала хотод олон давхар орон сууцны барилгуудыг нураажээ. Үерийн гамшгийн уршгаар багадаа 5 хүн амиа алдсан гэж мэдээллээ. Бүс нутгийн Кирки тосгонд хөрсний гулгалтаас болж нэг эмэгтэй, мөн машин нь үерт урссаны улмаас нэг эмэгтэй, хоёр хүүхэд амиа алджээ.
Дагестаны Гежухын усан сангийн далан задарсны улмаас 5,000 гаруй хүн гэр орноо орхин дүрвэжээ. Махачкала хотод хөрсний элэгдлийн уршгаар орон сууцны барилгууд нурсан бөгөөд бусад хэд хэдэн барилга нурах эрсдэлтэй байна гэж ОХУ-ын Засгийн газраас мэдэгдлээ. Борооны өмнөх хүчтэй шуурганы улмаас 300 орчим суурин газрын 350 мянга орчим оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ. Мөн бохирдол үүссэнтэй холбогдуулан халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй тул цоргоны ус уухгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас оршин суугчдад анхааруулж байна.
Дагестаны тэргүүн Сергей Меликов голын голдирол дагуу "Хариуцлагагүйгээр" барилга байгууламж барьж, усны урсгалыг хаасантай холбогдуулан үерийн гамшиг суурин газрын усанд автуулсан гэж тайлбарлалаа. Тэрээр орон нутгийн удирдлагууд, газрын албаны хариуцлагагүй байдлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан төдийгүй мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж мэдээллээ.