Иран улсыг нэг шөнийн дотор арчиж хаях хугацаа ойртож буйг Д.Трамп анхаарууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зүүн эргийн цагаар Мягмар гаргийн оройн 20 цаг гэхэд Ормузын хоолойг нээхгүй бол Иран улсын бүх гүүр, цахилгаан станцуудыг устгана гэж сүрдүүлсэн юм. Тэгвэл Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ираны эсрэг "Томоохон хэмжээний агаарын цохилт" өгөхөд бэлэн байгааг баталлаа.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ираны цөмийн байгууламжууд, цэргийн баазууд болон гол дэд бүтцүүд гүүр, цахилгаан станцыг ердөө 4 цагийн цэргийн ажиллагаагаар устгах боломжтойг онцлон хэллээ. Тэгвэл Улаанбаатарын цагаар Лхагва гаргийн өглөөний 8 цаг гэхэд Иран улс Ормузын хоолойг нээхгүй бол АНУ, Израилын армийн түрэмгий агаарын цохилтын гол бай болох төлөвтэй байна.

Даваа гарагт Доналд Трамп бүхий л үндэстнийг ердөө нэг шөнийн дотор устгаж болно. Харин тэр шөнө маргааш тохиох боломжтой гэж сүрдүүлсэн мэдэгдэл өгчээ. Сэтгүүлчид Ираны иргэний байгууламжуудыг онилох нь олон улсын хууль зөрчил, дайны гэмт хэрэг эсэхийг лавлан асуулаа. Хариуд нь Д.Трамп "Би үүнд огт санаа зовохгүй байна. Жинхэнэ дайны гэмт хэрэг бол цөмийн зэвсэгтэй байх явдал. Мөн 45 мянган иргэнээ хөнөөдөг дэглэм өөрөө дайны гэмт хэрэгтэн" хэмээн хариулжээ.

Түүнчлэн Доналд Трамп аврах ажиллагааны үеэр нэг нисгэгч сураггүй алга болсон тухай мэдээллийг олон нийтэд задруулж, түрүүлж мэдээлсэн хэвлэлийнхэн болон мэдээлэл дамжуулсан албан тушаалтныг шийтгэх ёстой гэж мэдэгдлээ. Уг мэдээлэл нийтлэгдсэнээр Ираны тал нисгэгчийг эрчимтэй хайж, аврах ажиллагааг эрсдэлд оруулсан гэж Д.Трамп үзэж байна. Даваа гарагт Пакистан тэргүүтэй улсуудын боловсруулсан 45 хоногийн гал зогсоох саналыг Д.Трамп "Чухал алхам" гэж тодорхойлсон ч "Хангалттай биш" гэж дүгнэжээ. Тэгвэл Ираны цэргийн дээд командлал Д:Трампын заналхийллийг "Солиотой хийрхэл" гэж хариу мэдэгдлээ. Мөн АНУ-ын бүс нутаг дахь "Ичгүүр, гутамшгийг" ийм заналхийллээр нөхөж чадахгүйг албаны тайлбарт дурджээ. Ираны тал түр зуурын буюу 45 хоногийн гал зогсоох саналыг няцааж, дайныг бүрмөсөн зогсоох, хориг арга хэмжээг цуцлах болон дайны нөхөн төлбөр авах зэрэг 10 заалт бүхий хатуу нөхцөл эгүүлэн тавьсан байна.