Сүүлийн жилүүдэд хавдраар өвдөж байгаа иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Тухайлбал өнгөрсөн онд 8000 гаруй хавдрын өвчлөл оношлогдож, 4500 гаруй нас баралт бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 60 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон нь нас баралт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Харин иргэд улсын хэмжээнд хүн хүч дутмаг, эмнэлэг хүрэлцээгүй, мөн чухал ач холбогдолтой техник, тоног төхөөрөмж хангалтгүй байдаг нь хүндрэл үүсгэж байгааг шүүмжиллээ.
Мөн нийт нас баралтын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд элэгний хорт хавдрын өвчлөл аль ч хүйсэд хамгийн өндөр түвшинд байгаа юм. Тэгвэл хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоо тогтмол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох байгууллагуудаас арга хэмжээг авч байгаа ч иргэдийн байр суурь харилцан адилгүй байна. Тухайлбал эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар сайшаалтай хэдий ч эмнэлгийн хүртээмж болон техник тоног, төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлаас үүдэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг иргэд хэллээ.
Хэдийгээр нэг талдаа эрүүл мэндийн салбарын алдагдалтай уг асуудал холбоотой боловч нөгөөтээгүүр иргэдийн ухамсар, хариуцлагагүй байдал томоохон нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал хожуу үе шатандаа эмнэлгийн байгууллагад ханддаг цаашлаад ходоод болон умайн хүзүүний хорт хавдрын насжилт залуужих хандлага ажиглагдаж байгаа нь иргэдийн зүгээс анхаарах нэн шаардлагатай байгаагийн илрэл болж байна.
Хэдийгээр хавдар судлалын үндэсний 2-р төвийн төслийг эрчимжүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны цалин, хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр холбогдох байгууллагуудаас ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч эдгээр асуудлууд шийдэгдэх хүртэл иргэд болон эмч, мэргэжилтнүүд дасан зохицохоос өөр аргагүй байна.