Японы технологийн компани Украины нисгэгчгүй онгоц үйлдвэрлэлд анх удаа шууд хөрөнгө оруулалт хийсэнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас эсэргүүцлээ илэрхийллээ. Лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва хотод суух элчин сайдыг дуудаж уулзсан төдийгүй энэ хөрөнгө оруулалт нь тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг уламжилжээ.
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Япон улсын хөрөнгө оруулалт нь тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн "Илэрхий дайсагнасан үйлдэл" гэж мэдэгдлээ. Хөрөнгө оруулалт хийгдэж байгаа "Terra А1" дронууд нь ОХУ-ын армийн агаарын довтолгоондоо ашиглаж байгаа дронуудыг агаарт саатуулан устгах зориулалттай зэвсэг юм байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Москва, Токио хоёрын тогтоосон дипломат харилцаа "түүхэн доод түвшиндээ" хүрч, хөрснийг цохон тэмдэглэлээ. Санаэ Такаичигийн тэргүүлсэн Японы шинэ Засгийн газар ОХУ-ын эсрэг найрсаг бус бодлого баримталж байна хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас бас мэдэгдсэн байна. Харин Япон улсын элчин сайд Акира Мүто Оросын талын гомдлыг няцааж, хоёр улсын хоорондох улс төр, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Хэрэв Япон улс харилцаагаа сэргээх чин хүсэлтэй бол үүнийгээ үгээр биш, бодит үйлдлээрээ батлах ёстойг сануулжээ”.
Санаэ Такаичигийн Засгийн газар Япон улсыг холбоотнууд болон түнш орнуудынхаа "Нисгэгчгүй онгоцны системийн зангилаа төв" болгохоор зорьж байна. Энэ хүрээнд Украин улсын байлдааны дрон үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх нь стратегийн чухал алхам болжээ.