Өмнөд солонгосын дижитал банкны салбарт тэргүүлэгч Kakao bank нь Зүүн өмнөд азийн зах зээлээс хальж, дэлхийн хэмжээний тэлэлтийнхээ дараагийн стратегийн гол цэгээр Монгол улсыг сонгосон гэж албан ёсоор мэдэгдлээ. Лхагва гарагт тус банкны гүйцэтгэх захирал Юн Хо Ён дээрх шийдвэрийг танилцуулсан байна.
Kakao bank нь Индонез болон Тайландын зах зээлд амжилттай нэвтэрсэн төдийгүй өдгөө Монгол улсыг Төв болон Зүүн азийн зах зээлд гарах чухал гүүр болгохоор төлөвлөж байна.
Тус компани Монголын зах зээлд нэвтрэхдээ зөвхөн банкны үйлчилгээ бус, өөрийн эзэмшлийн "Kakao bank score" хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн үнэлгээний загварыг экспортлохоор төлөвлөж байна.
Уг загвар нь уламжлалт банкны мэдээллээс гадна санхүүгийн бус өгөгдлийг ашиглан иргэдийн зээлжих чадварыг үнэлдгээрээ онцлогтой байна. Энэ нь Монгол улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банкны үйлчилгээг илүү уян хатан, хүртээмжтэй болгоход чухал түлхэц болно гэж судлаачид үзэж байна
Kakao bank-ны гүйцэтгэх захирал Юн Хо Ён “Монгол улсын зах зээлд нэвтрэх нь Солонгост батлагдсан санхүүгийн инновацыг дэлхийн тавцанд гаргах түүхэн алхам юм" хэмээн хэлсэн байна.