Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 292 хүүхэд чихрийн шижингийн 1-р хэв шинжээр оношлогдсон

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 292 хүүхэд чихрийн шижингийн 1-р хэв шинжээр оношлогдсон бөгөөд 248 нь инсулинээс хамаарах чихрийн шижин өвчтэй байна. Тэгвэл инсулин тариаг 4-р сард огт олгоогүй бөгөөд өнгөрөгч 2 болон 3-р сард иргэд холбогдох газруудад  хандсан ч хариуцах эзэнгүй байгааг хэллээ. Чихрийн шижингийн 1-р хэв шинжтэй бол инсулинийг удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай бөгөөд тасалдсан тохиолдолд комд орж, амиа алдах ч эрсдэлтэй байна.

Чихрийн шижингийн 1-р хэв шинж нь ихэвчлэн өсвөр насныхан болон хүүхдүүдэд тохиолддог. Энэхүү өвчний шалтгаан нь одоо хүртэл тодорхой болоогүй байгаа бөгөөд инсулин ялгаруулах боломжгүй байдаг байна. Улмаар инсулин байхгүйгээс үүдэн цусан дахь сахар хэт ихсэн, хүндрэл үүсгэдэг. Иймд үндсэн эмчилгээ нь инсулинаар дамжуулан цаашдын хүндрэлийг хязгаарладаг байна. Гэсэн ч нэгэнт инсулиний эмчилгээнд орсон тохиолдолд тасалдах эсвэл алгассан тохиолдолд шокт орж, амиа алдах эрсдэлтэй. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар улсын 248 хүүхэд инсулинээс хамаарах чихрийн шижин өвчтэй байна. Гэсэн ч инсулин тариаг энэ сард огт олгоогүй бөгөөд өнгөрөгч 2 болон 3-р сард Эрүүл мэндийн яам, Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төв зэрэг холбогдох байгууллагуудад хандсан ч хариуцах эзэн байхгүй байгааг иргэн хэллээ.

Угтаа өнгөрсөн онд батлагдсан тогтоолын дагуу инсулинийг чихрийн шижин оноштой иргэдэд үнэгүй олгох ёстой. Үүнээс гадна 2022 оны тушаалаар төрөөс зардлыг нь хариуцах эм олгох үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймаг, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв зэргээс үзүүлэх юм.

Тэгвэл холбогдох байгууллагуудаас харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн юм. Ингэхдээ улсын хэмжээнд инсулин тарианы нөөц төрлөөсөө хамаарч 30-143 хоногийн нөөцтэй байгаагаас гадна дараагийн импортыг төлөвлөсөн байна. Мөн инсулин тариаг олгож эхлэхэд асуудал байхгүй гэдгийг холбогдох газраас мэдээллээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн яамнаас бидэнд тайлбар өгсөнгүй.

Инсулиний эмчилгээнд ордог хүүхдүүд харилцан адилгүй давтамжаар тус тариаг хэрэглэдэг. Ингэхдээ өдөрт 8 удаа тарих тохиолдол ч гардаг байна. Улмаар он гарсаар олгох хэмжээнээсээ багассан тул эцэг эх, асран хамгаалагчид эдийн засгийн дарамтад оржээ. Үүнээс гадна чихрийн шижингийн 1-р хэв шинжийн зөвлөмж сүүлийн 5 жилд огт шинэчлэгдээгүй нь анхаарал татахуйц байна. Мөн гадаад дотоод нөхцөл байдлаас үүдэн цаашид энэ төрлийн асуудал гарахгүй байхыг үгүйсгэхгүй тул нэн яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг иргэн хэлж байсан юм.