Дунд гол руу барилгын талбайгаас гарсан хөрсний усыг удаан хугацаанд цутгасаар иржээ

Дунд гол руу барилгын талбайгаас гарсан хөрсний усыг удаан хугацаанд цутгасаар иржээ. Тэгвэл өчигдрөөс нэр бүхий барилгын компанид хяналт шалгалт явуулахад тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл болон холбогдох гэрээг байгуулаагүйгээс гадна хөрсний ус нь химийн элемент, тос, маслотой холилдон гол руу цутгасан нөхцөл тогтоогдсон тул үйл ажиллагааг зогсоогоод байна

Хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчилд холбогдох хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, дунд гол руу цутгаж байсан үйлдлийг таслан зогсоолоо. Дунд гол руу 80 м³/цагийн хүчин чадалтай насос, 200 мм-ийн голчтой хоолой ашиглан усыг дунд гол руу нийлүүлдэг байжээ харин тухайн байгууллагаас “хөрсний усанд тос, масло хольсон зүйл байхгүй бөгөөд хөрснөөс гарч ирэхдээ ийм тос, маслотой гарч байгаа нь өөр байгууллагын хөрсөнд шингэсэн тос, масло гарч ирж байж болзошгүй” хэмээн тайлбарлаж байна.

Иргэдийн өгч буй мэдээллээр "Дунд голын урд болон хойн баригдсан барилгууд нь голын ай сав газар орчимд баригдсан учир барилгын доороос байнга гүний ус гардаг. Тиймээс барилгын компаниуд нь доод давхартаа тусгай төхөөрөмж байрлуулж, өвөл, зунгүй хөрсний усаа дунд гол шууд урсгадаг. Ингэж урсгаад олон жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд сүүлийн нэг жилд үед тос, масло үе үе үнэртэх болсон талаар хэлж  байна.

Газар доорх ус буюу гүний усыг экосистемийг тогтвортой байлгадаг байгалийн нэн чухал нөөц гэж үздэг. Гүний ус нь газрын гүнд байх бөгөөд, хөрсний хэсгүүд болон чулуулгийн ан цав хоорондын зайг дүүргэж байдаг . Иймд газар доорх усыг гадагшлуулснаар уст давхаргыг шавхаж, зарим хэсэгт хөрсний суулт үүсэх, байшин барилга суулт өгөх, үер болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг байна